top banner
Шуурхай мэдээ

“ДОРНЫН ЭГШИГ” үзэсгэлэн, номын нээлт


2018-01-12 16:38:49

ӨМӨЗО-ны Алшаа аймгийн уран бүтээлч, урлагсудлалын ухааны докторант Ойдовын Хишигбатын "ДОРНЫН ЭГШИГ" уран бүтээлийн үзэсгэлэн, номын нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд  энэ сарын 11-18-ны хооронд дэлгэгдэж та бүхний оюуны мэлмийг мялааж байна.

Тэрээр Өвөр Монголын багшийн их сургуулийн багш, БНХАУ-ын Уран зургийн нийгэмлэг, Өвөр Монголын монгол уран бичлэгийн нийгэмлэг, Өвөр Монголын залуучуудын холбооны гишүүн уран бүтээлч бөгөөд 2014 оноос хойш Монгол улсын СУИС-ийн ДДУС-д урлаг судлалаар докторантурт суралцаж байна.

Түүний уран бүтээл, судалгааны гол сэдэв нь эртний монгол эмээлийн ур хийцийн тухай байх ба судалгааны ажлын хүрээнд 10 гаруй жил олон төрөл зүйлийн эмээлийн судалбар зураг, тосон зураг бүтээж түүнийгээ судалгаатайгаа нягт холбон цомог болгон эмхэтгэн гаргасан байна.

Тэрээр хэлэхдээ “Монгол улсад бүтээлээрээ үзэсгэлэнгээ гаргаж байгаа нь хоёр гүрний соёлын солилцоогоор дамжин монгол түмэн мань хилээр заагалсан ч сэтгэлээр зааглаагүй гэдгээ тунгаан, харилцан ойлголцоход нэг ч гэсэн алхам ойртлоо хэмээн үзвээс мөрөөдөл минь биелэх нь тэр” гэсэн юм.

Тус үзэсгэлэнд тосон зургаар голчлон  хар зураг, өнгөт бэхэн зураг, уран бичлэгийн 60 гаруй бүтээл дэлгэгдсэн ба “Дорны эгшиг” цомогт есөн эрдэмтэн судлаач, урлагийн шүүмжлэгч,  багш нарын шүүмж үнэлгээ  болон, түүний уран бүтээлийн сангийн 99 бүтээл орсон юм.


Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд montsame.mn хариуцлага хүлээхгүй.

Монгол брэнд