top banner

Шатахууны үнийн өсөлт иргэдийн халаасыг тэмтэрнэ


2018-01-12 17:32:17
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2018 он гарсаар Монгол Улсын эдийн засагт  олон үйл явдал өрнөж эхэллээ. Татварын нэмэгдэл, шатахууны үнэ гээд ар, араасаа асуудлууд хөвөрч байна.

Эхнээсээ эсэргүүцлийн жагсаал, цуглаантай нүүр тулав. Фэйсбүүк, жиргээний дийлэнх хувийг  шатахууны үнэ өсөх вий гэсэн болгоомжлол, татварын нэмэгдлийн талаарх шүүмжлэл эзэлж байгаа юм.

Үнэндээ улс төрийн мөчлөг бүхий намын бодлого  Монгол Улсын ирээдүй, эдийн засгийг тодорхойлж ирсний горыг амсаж байна гэдгийг эдийн засагчид хэлсээр ирсэн.

Харин иргэдийн зүгээс  “бид сонгогдвол татвар нэмэхгүй, иргэдийн халаас тэмтрэхгүй” гэсэн яасан бэ  гэх асуултыг эрх баригчдад тавьж эхэллээ. Энэ мэтчилэн асуудлууд үргэлжлэх мөчид шатахуун импортлогчид хязгаарлалт хийж эхний “шантааж” -аа үзүүлэв. Тэд алдагдалтай ажиллаж буйгаа мэдэгдээд зогсохгүй  литр тутамд 250-300 төгрөгөөр нэмэх шаардлагатай байгааг албаныхан тодотгосон. 

Хэрвээ ийнхүү шатахууны үнэ нэмэгдвэл 900 мянган автомашинтай Монгол Улс тэр дундаа жирийн иргэдийн нуруунд гол ачаа нь ирэх нь.  Хоногийн хоолны төлөө зүтгэж яваа ард түмний нуруунд ирэх ачаа шатахууны  үнэ нэмэгдсэний маргаашнаас  эхэлнэ.  Шатахууны үнэ нэмсний дараа автобус, такси, талх, мах, сүү, ус ундаа, төмс ногоо гээд өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 100-300 төгрөгөөр нэмэгддэг нь нууц биш. Үүнд ч буруу өгөхийн аргагүй  их хэмжээгээр тээвэрлэлт хийх үндэсний үйлдвэрлэгчдийн зардал өссөнөөр үнэд нөлөөлөх нь мэдээж юм. Харин үнийн өсөлтийг далимдуулагчдын хувьд шатахуун түрий барих  "том бамбай" болно. Энэ бүхний эцэст иргэдийн хэтэвч нимгэрч, ачаа нь хэд дахин нэмэгдэх дүр зураг гарч байгаа юм. Өнөөдрийн ард түмний халаасан дахь  100 мянган төгрөг 50 мянга болж хувирна. Ингээд  ядуурал, хямрал хугацаагаа сунгаж, хөгжил дэвшил биднээс нүүр буруулна.  Үнэндээ нефть импортлогчид  үеийн үед "шантааж" хийсээр ирсэн. Тэд ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд нэмсэн онцгой албан татварын хугацааг нөөц бүрдүүлнэ гэдгээр хоёр ч удаа сунгууллаа. Татвар төлөх үед алдагдлаа зарлаж буй тэд 2015 онд дэлхийн зах зээл дээр  нэг баррел газрын тос 30 ам.доллар болж буурахад үнээ бууруулсан уу гэдгийг иргэд нэхэж байна.


Ийнхүү шатахууны үнийн өсөлт амьжиргааг доош татаад зогсохгүй эдийн засгийн суурь бүтцэд нөлөөлнө.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд 300 орчим мянган иргэн ядуусын эгнээнд шилжсэнийг  ҮСХ, Дэлхийн банкнаас хийсэн судалгаанд тодотгосон. Тэгвэл шатахууны үнийн өсөлт энэ тоог нэмж, жин дарахад тодорхой хэмжээгээр нөлөөлөх нь дамжиггүй. 

Эдийн засгийн хурдац саарснаас үүдэлтэй ядуусын тоо нэмэгдэж буй энэ цаг үед дундаж орлоготнуудаа бодитоор дэмжиж, зорилтот бүлэг рүү чиглэсэн ажлуудыг өрнүүлэхийг Дэлхийн банк, АХБ-наас удаа дараа манай улсад зөвлөж байгаа.  Харин дундаж орлоготой иргэдийг доош татах хөшүүргийг үнийн өсөлт тавьж мэдэх юм. Үүнийгээ дагаад  энэ онд эдийн засгийн өсөлт 4.2 хувьтай байх таамаг  хөрсөнд  бодитоор буух уу гэдэгт  эргэлзээ үүсэхээр байна.
Б.Заяа

Монгол брэнд