Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Монголын мэдээ | Байгаль орчин
ariunzaya@montsame.mn
2018-01-13 09:55:08
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Өнөөдөр нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Маргааш баруун аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд нутгийн зарим газраар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд говь тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Увс нуур, Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 28-33 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
Холбоотой мэдээ