top banner

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгүүд дүүргүүдэд ажиллана


2018-01-13 10:23:55
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны “Агаарын бохирдлыг бууруулах” дэд ажлын хэсгүүд өнөөдөр агаарын бохирдол ихтэй дүүргүүдэд ажиллана.

Хоёр ажлын хэсэг нэн тэргүүнд НЗДТГ-т зочилсон юм. Эхний ажлын хэсгийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир даргалж байгаа юм. Түүний даргалсан ажлын хэсэг Баянзүрх, Хан-Уул дүүрэгт ажиллах юм. Тэрбээр, “Гэр хорооллын өрхүүдийн гаргаж буй утаа нийслэлийн агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлж байна. Тиймээс  утааны эх үүсвэрийг бууруулах чиглэлд гол ажлаа төвлөрүүлэх ёстой. Зуух, түлш ярихаар хүмүүс хэт улс төржүүлдэг. Бид улс төржиж, бүх иргэдээ орон сууцанд оруулах талаар ярьж болно. Гэхдээ бидэнд бодит шийдэл, үр дүн хэрэгтэй. Үүнийг шийдвэрлэх богино хугацааны ажил бол сайжруулсан зуух, түлшний асуудал. Нийслэлээс агаарын бохирдлыг бууруулахад хамгийн их нөлөө үзүүлэх, олон улсын хийгээд дотоодын стандарт, шаардлагад нийцсэн зуух үйлдвэрлэгч компаниудыг шалгаруулж, УИХ-д танилцуулах хэрэгтэй. Мөн сайжруулсан түлш үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг ч шалгаруул. Цаашдаа шинэ сууршлийн бүс бий болгох, орон сууцжуулах ажлаа зохион байгуулна” гэлээ.

Хоёр дахь ажлын хэсэг Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт ажиллах юм. Уг ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, “Сүүлийн 27 жилд Монгол Улсад агаарын бохирдлын асуудал яригдах болсон ч бодлогын бичиг баримтгүй явж ирсэн. Харин өнгөрсөн онд Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр батлагдсан. Энэ хөтөлбөрийг бодлогын хүрээнд зөв төлөвлөж, дүүрэг бүр өөрийн боломждоо тулгуурлан, үе шаттай ажиллаж чадвал агаарын бохирдлыг бууруулах боломжтой. Мөн үүнийгээ ард иргэддээ сурталчилах, тэдний үүрэг хариуцлагыг ойлгуулах чиглэлд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах ёстой. Түүнчлэн төрийн бүх шатанд хамтын ажиллагаа, уялдаа холбоо хэрэгтэй. Тухайлбал, дүүргүүдээс агаарын бохирдлын тухай мэдээ, мэдээлэл, санал санаачилгаа УИХ-ын гишүүдэд тогтмол хүргүүлдэг байх хэрэгтэй. Энэ бүхэнд тулгуурлан бид судалгаа, шинжилгээтэй, зоримог шийдвэр гаргаж чадна” гэв.

Ажлын хэсгүүдэд БОАЖЯ, ЭМЯ, ЭХЯ, НЗДТГ-ын төлөөлөл багтсан бөгөөл агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр санал санаачилга гаргах, одоо хэрэгжүүлж буй бодлого, төсөл хөтөлбөрүүдийн үр дүнг тодорхойлох зорилготой юм.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ

Сурталчилгаа
Монгол брэнд