top banner

Хамтарсан цэргийн сургуулилт хийхээ бүр мөсөн болихыг Умард Солонгос шаардав


2018-01-13 10:50:46
Зураг
ПХЕНЬЯН. /Эн-Эйч-Кэй/. Жил тутмын хамтарсан цэргийн сургуулилтаа бүрэн мөсөн зогсоохыг АНУ болон Өмнөд Солонгосоос Умард Солонгос шаардсан тухай “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээлэв.

Өмнөд Солонгостой харилцах асуудал хариуцсан Солонгосыг энх тайвнаар нэгтгэх хорооныхоо цахим хуудаст Умард Солонгос баасан гарагт буюу өчигдөр энэ шаардлага бүхий мэдэгдлийг тавьсан байна.

Уг мэдэгдэлд “АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтууд нь Солонгос хоорондын хэлэлцээг тасалдуулж болзошгүй. Тиймээс Пёнчаны өвлийн олимптой холбоотойгоор хойшлуулсан цэргийн сургуулилтуудаа  хийхээ АНУ болон Өмнөд Солонгос бүр мөсөн болих хэрэгтэй” гэжээ.

Ирэх сард Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн олимпийн наадам болон паралимпийн наадмын үеэр хамтарсан цэргийн сургуулилт хийхгүй байхаар Вашингтон болон Сөүл тохиролцоод байгаа юм. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жим Маттис саяхан мэдэгдэл хийхдээ "Пёнчаны олимпийн дараа хамтарсан цэргийн сургуулилтаа хийнэ" гэсэн билээ.
 
Г.Доржханд

Монгол брэнд