top banner

Д.Сүхбаатарын талбайд хэвтээ жагсаал зохион байгуулав


2018-01-13 13:29:44
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар, шийдвэр гаргагчдыг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлаа эрчимжүүлэхийг шаардаж өнөөдөр “Утааны эсрэг аав, ээжүүд” ТББ-аас Д.Сүхбаатарын талбайд хэвтээ жагсаал зохион байгуулав.

Жагсаалд оролцогчид “Боож үхлээ”, “Агаарын бохирдлыг устга”, “Үр хүүхдээ эрүүл, цэвэр, аюулгүй орчинд амьдруулмаар байна” зэрэг лоозон барьж, 15 минут хэвтсэн юм. Мөн дээрх үгсээ Англи, Орос хэлээр орчуулсан нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг олон улсад хүргэх зорилготой аж.

Энэ үеэр тус ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү, “Манай ТББ байгуулагдсан цагаасаа хойш агаарын бохирдолтой тэмцэж, Засгийн газар, шийдвэр гаргагчдыг энэ чиглэлд дорвитой арга хэмжээ авахыг шаардаж, 5 удаа жагсаал зохион байгуулсан. Гэсэн хэдий ч шийдвэр гаргагчид өнөөх л зуух, сайжруулсан түлш тараах асуудлаа ярьсаар байгаа. Тиймээс өнөөдөр хэвтээ жагсаал зохион байгуулж байна. Хэдийгээр өвлийн тэсгим хүйтэн өдөр байгаа ч үр хүүхдээ эрүүл орчинд өсгөхийн төлөө, тэднийхээ ирээдүйг хамгаалахын төлөө хүйтэн цемент дэрлээд хэвтэж байна. Засгийн газраас гэр хорооллын иргэдийнхээ 50 хувийг орон сууцанд оруулж, зарим хэсгийг нь дэд бүтэц шийдэгдсэний дараа эмзэг бүлгийн зарим өрхөд зуух тараах асуудал ярьсан бол бид ойлгоно. Гэтэл бодлогын томоохон ажлуудаа огт хийхгүй байна. Тиймээс иргэдийг орон сууцжуулах ажлыг шуурхай зохион байгуулах, зуух, түлш тараах шийдвэрээ эргэн харахыг шаардаж байна. Бидний шаардлагыг хүлээж авахгүй бол бид тэмцлийн дараагийн шатанд шилжинэ” хэмээв.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал

Монгол брэнд