top banner

Хятад улс "дэлхийн хамгийн том агаар цэвэршүүлэгч"-ийг барьжээ


2018-01-16 11:41:12
Зураг
СИАНЬ. /South China Morning Post/. “Дэлхийн хамгийн том” буюу 100 м өндөр агаар цэвэршүүлэгч Хятад улсын хойд нутгийн Шэньси мужийн төв Сиань хотын агаарыг цэвэршүүлэхэд тус болж байна гэж Хонконгт төвтэй “South China Morning Post” сонинд бичжээ.

100 м өндөр агаар цэвэршүүлэгчийг өнгөрсөн оны сүүлчээр туршилтаар ажиллуулж эхэлснээс хойш тус хотын агаарын чанар мэдэгдэхүйц сайжирсан гэж энэ агаар цэвэршүүлэгчийг зохион бүтээж, барих төслийг хэрэгжүүлэх ажлыг хариуцсан Хятадын Байгалийн ШУА-ийн судлаачдын багийн ахлагч Цао Зюньзи ярьсан байна.

Түүний хэлснээр, энэ агаар цэвэршүүлэгчийг ажиллуулж эхэлснээс хойш тус хотын агаарын чанар 10 кв.км талбайд мэдэгдэхүйц сайжирсан гэнэ. Мөн энэ агаар цэвэршүүлэгч нь өдөрт 10 сая гаруй шоо метр цэвэр агаар “үйлдвэрлэж” байгаа аж.

Тус агаар цэвэршүүлэгчийн үр нөлөөг шалгахын тулд судлаачдын багийнхан ойр орчимд нь агаарын чанарыг хянах 10 гаруй төхөөрөмж суурилуулсан байна.

Судлаачид энэ оны гуравдугаар сард туршилтын дүнгээ дэлгэрэнгүй танилцуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Сиань хотын агаарыг цэвэршүүлэх цамхаг барих буюу "дэлхийн хамгийн том агаар цэвэршүүлэгч" барих төслийг 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн онд дууссан байна. Энэхүү төслийн гол зорилго нь агаарыг хямд өртгөөр цэвэршүүлэх аж. Төслийг хэрэгжүүлэхэд хэр их мөнгө зарцуулснаа тэд хэлээгүй байна.

Үүнээс өмнө Хятадын “хамгийн том агаар цэвэршүүлэгч” гэгдэж байсан цамхгийг Голландын зохион бүтээгч Даан Русегардын боловсруулсан төслөөр өнгөрсөн онд барьж байжээ. Долоон метр өндөр тус цамхаг нь секундэд найман шоо метрийн агаарыг цэвэршүүлдэг бөгөөд цахилгаанаар ажилладаг гэнэ.

 
Г.Доржханд

Сурталчилгаа
Монгол брэнд