top banner

Монгол Улсын Ерөнхий сайд Өмнөд Солонгостой байгуулах эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт ихээхэн найдлага тавьж байна


2018-01-16 14:59:48
Зураг
СӨҮЛ. /Ёнхап/. Өмнөд Солонгостой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулснаар хоёр талын худалдаа ба хөрөнгө оруулалтын хэмжээ эрс нэмэгдэх боломжтой гэж үзэж буйгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийллээ гэж “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Өмнөд Солонгост гурван өдрийн албан ёсны айлчлалаар даваа гарагт буюу өчигдөр хүрэлцэн очсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр болсон хоёр улсын бизнес форумын үеэр үг хэлэхдээ “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь Өмнөд Солонгосын хувьд Төв Ази болон Европ руу нэвтрэх үүд хаалга болох бол Монголд Ази-Номхон далайн бүс нутагт нэвтрэхэд нь тусална” гэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд бараалхсан билээ. Тэд хоёр талын харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх болон Солонгосын хойгийн цөмийн зэвсэгтэй холбоотой асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргаж, хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Өмнөд Солонгос болон Монгол Улс нь хоёр талын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах асуудлаар 2016 оноос хэлэлцээ хийж эхэлсэн. Энэ хэлэлцээр нь чөлөөт худалдааны хэлэлцээртэй адил төстэй бөгөөд ийм хэлэлцээр байгуулснаар аж үйлдвэр болон хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагаа улам бүр бэхжих боломжтой.

Ашигт малтмалаар баялаг, далайд гарцгүй Монгол Улс нь Хятад болон Орос гэсэн хоёр том хөршөөсөө эдийн засгийн хувьд хамааралтай байдлаа багасгахыг эрмэлзсээр байгаа юм. Улаанбаатар нь анхны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээ Токиотой байгуулсан бөгөөд энэ хэлэлцээр нь 2016 оноос хэрэгжиж эхэлсэн.

Өмнөд Солонгосын Худалдаа аж, үйлдвэрийн танхимын мэдэгдсэнээр, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулвал хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлэх боломжтой болно.

Монгол нь ашигт малтмалын асар их нөөцтэй бол Өмнөд Солонгос нь аж үйлдвэрлэлийн хөгжлөөр дэлхийд дээгүүрт ордог улс орнуудын нэг.

1990 онд ердөө 2.7 сая ам.доллароор хэмжигдэж байсан хоёр талын худалдааны эргэлт өнгөрсөн онд 200 сая ам.долларт хүрч нэмэгдсэн байна.

http://english.yonhapnews.co.kr/search1/2603000000.html?cid=AEN20180116006600320
Г.Доржханд

Монгол брэнд