top banner

Банкны хуультай холбогдуулан өөрчлөх Зөрчлийн хуулийн анхны хэлэлцүүлгийг хийв


2018-01-16 17:35:43
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад охин болон хараат компанийн үйл ажиллагааг хориглох өөрчлөлт орсон байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно” гэж заасны дагуу Зөрчлийн тухай хуулийн 11 зүйлийн 11.3.2 дахь хэсэгт өөрчлөлт оруулахаар төслийг боловсруулсан байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой олон асуудал үүсч байгаа учир цаашид хэд хэдэн зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа гэв. Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийн явцад алдаа гарч байгаа, хуулийн зарим бичилт тодорхой бус, зарим заалт хоорондоо зөрчилдсөн зэрэг асуудал гарч байгаа учир  зүйл, заалтыг өөрчлөх шаардлага үүсээд байна. Шүүх, прокурор гээд зөрчлийн харилцаанд холбогдож буй 27 байгууллагын төлөөлөл ирэх хоёрдугаар сарын эцсээр Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн дүн, холбогдох үзүүлэлтүүдэд тулгуурлан уулзалт хийхээр төлөвлөөд байгаа” гэлээ.

Банкны салбарт эрх зүйн зөв зохицуулалтыг хийгээгүйгээс арилжааны банкууд охин компани байгуулах замаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, бусдад зээл олгохоосоо илүү өөрийн аж ахуйн үйл ажиллагаагаа санхүүжүүлэн бизнесээ өргөжүүлж байсныг өөрчлөх зохицуулалтыг дэмжиж буйгаа УИХ-ын гишүүн Д.Ганболд илэрхийлсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсний дараа анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Н.Туяа

Монгол брэнд