top banner

Ши Жиньпин, Трамп нар утсаар ярьжээ


2018-01-17 00:10:42
Зураг
Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай утсаар ярьжээ.
Ши Жиньпин хэлэхдээ “Өнгөрсөн жил манай хоёр орны харилцаа тогтвортой байдлаа хадгалж, нилээдгүй ахиц гарлаа. Хоёр орны харилцааг эрүүл тогтвортой байдлаар хөгжүүлэх нь хоёр улсын ард түмний эрх ашигт нийцээд зогсохгүй олон улсын анхаарал татсан чухал асуудал. Манай хоёр тал бүхий л түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулж, өндөр дээд хэмжээний уулзалт, яриа хэлэлцээрүүд нь хоёр орны харилцаанд чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа нь ард иргэдэд бодит үр дүн өгсөөр байна. Цаашид бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх замаар зах зээлийг улам бүр нээлттэй, эдийн засаг, худалдааны асуудлыг оновчтойгоор шийдвэрлэх хэрэгтэй. Мөн батлан хамгаалах, хууль эрх зүй, соёл хүмүүнлэг, орон нутаг хоорондын зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлж, олон улсын томоохон асуудлаар ч харилцаа хамтын ажиллагаагаа улам  идэвхжүүлэх нь чухал юм" гэв.    
 Хариуд нь  Д.Трамп  "Манай улс  Хятад улстай харилцах харилцаа болон  хоёр орны хамтын ажиллагааг өндрөөр үнэлж ирсэн. Цаашид  дээд түвшний уулзалт, айлчлал болон хамтын ажиллагааны ажил хэрэгч байдлыг нэмэгдүүлж, эдийн засаг, худалдааны салбарт хамтын ажиллагааг  улам бүр хөгжүүлэх нь чухал"  гэдгээ  илэрхийлэв.
Мөн Ши Жиньпин Солонгосын хойгийн асуудлаар санал бодлоо хуваалцаж, бодит өөрчлөлт гарч буйг дурдаад “Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохын төлөө яриа хэлэлцээнд  хоёр улсын хүчин чармайлт нэн чухал юм. Хятадын тал АНУ болон бусад улс орнуудтай хамтарч Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудалд  ахиц гаргахын төлөө ажиллана” гэдгээ мэдэгдсэн.  
Д.Трамп Солонгосын хойгийн асуудалд Хятад улсын оролцоо чухал болохыг онцолж, энэ тал дээр  Хятадын талтай харилцаа хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ гэв.
А.Анхбаяр
 
  
 

Сурталчилгаа
Монгол брэнд