top banner

Францын мэс засалчдын академийн хүндэт гишүүнээр доктор Ж.Чинбүрэнг өргөмжилжээ


2018-01-17 09:35:53
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хавдар судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал, Анагаахын шинжлэх ухааны доктор Ж.Чинбүрэн Францын мэс заслын академийн хүндэт гишүүнээр өргөмжлөгдөн Монголын эмч нар дэлхийд үнэлэгдэж буйн нэгэн тод илэрхийлэл боллоо.  

Дэлхийн хамгийн нэр хүндтэй академийн хүндэт гишүүний өргөмжлөлийг Ази тивээс гардаж авсан гурав дахь эмч болсон тэрбээр өчигдөр эх орондоо ирсэн бөгөөд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзан баяр хүргэсэн юм. 2004 оноос Францын мэс заслын арга, техникийг Монголдоо төдийгүй гадаадад нэвтрүүлсэн, мөн Элэгний төвд байрласан төвөгтэй хавдрын тайралтыг хялбаршуулсан, Монгол Улс мэс заслыг санхүүгийн хязгаарлагдмал орчинд элэг, нойр булчирхайн хавдрын мэс заслыг амжилттай, үр дүнтэй сайн хийсэн хэмээн үнэлж, хүндэт гишүүний гэрчилгээ гардуулжээ.  



Доктор Ж.Чинбүрэн хэлэхдээ "1731 онд байгуулагдсан Францын мэс засалчдын академийн Хүндэт гишүүн болсондоо маш их баяртай байна. Дэлхийн нэр хүндтэй, урт удаан түүхтэй, уламжлалтай, мэргэжлийн байгууллагад хөөцөлдсөөр байгаад үнэлүүлнэ гэсэн ойлголт байдаггүй юм. Тус академийн мэргэжлийн Өндөр зөвлөлийн шийдвэрээр өргөмжлөгддөг. Энэ амжилт спортоор бол Олимпийн алтан медаль бөгөөд олимпийн медальтай дүйцэхүйц шагнал. Энэ бол Монгол Улсын мэс заслыг Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрсний баталгаа билээ. Энэ баярт явдлыг тохиолдуулан Монголын үе үеийн мэс засалчиддаа халуун баяр хүргэж байна" гэсэн юм. 

Н.Туяа


Сурталчилгаа
Монгол брэнд