top banner

Гадаад харилцааны сайд нар Умард Солонгосын асуудлыг авч хэлэлцжээ


2018-01-17 10:42:38
Зураг
ВАНКУВЕР. /Эн-Эйч-Кэй/. 20 улс орны Гадаад харилцааны сайд нар Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг Канадад авч хэлэлцлээ гэж Японы “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээлэв.

Мягмар гарагт буюу өчигдөр Ванкувер хотод болсон уг уулзалтыг АНУ болон Канад хамтран зохион байгуулсан аж. Уулзалтад Солонгосын дайнд цэргүүдээ илгээж байсан улс орнууд, Япон болон Өмнөд Солонгосын Гадаад харилцааны сайд нар оролцсон байна.

Цөмийн зэвсгээсээ татгалзах хүртэл нь Умард Солонгост шахалт үзүүлсээр байх болно гэдгээ уг уулзалтын үеэр Япон болон АНУ мэдэгдсэн бол Өмнөд Солонгос мэдэгдэхдээ “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар Умард Солонгостой хэлэлцээ хийх хүсэлтэй байна” гэжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон уулзалтыг нээн үг хэлэхдээ “Цөмийн зэвсгээсээ татгалзах дорвитой алхам хийх хүртэл нь Умард Солонгост шахалт үзүүлэх болно” гээд, Умард Солонгост нефть, нефтийн бүтээгдэхүүн болон бусад бүтээгдэхүүнийг хууль бусаар нийлүүлж буй хөлөг онгоцуудад тавих хяналтаа чангатгаж, НҮБ-ын тогтоолуудыг бүрэн дагаж мөрдөхийг Хятад болон Орост уриалжээ.

Мөн тэрбээр хэлэхдээ “Солонгосын хойгийн дээгүүр тогтмол 700 гаруй зорчигч тээврийн онгоц нислэг үйлдэж байна. Умард Солонгосын баллистик пуужингууд дэлхийн нийт улс оронд аюул заналхийлж байна” гэжээ.
 
Г.Доржханд


Монгол брэнд