Москвад өнгөрсөн сард ердөө 6-хан минут нар үзэгджээ

Дэлхийн мэдээ | Байгаль орчин
dorjkhand@montsame.mn
2018-01-17 12:21:01
МОСКВА. /Би-Би-Си/. 2017 оны 12 дугаар сар нь Оросын нийслэл Москва хотын түүхэн дэх “хамгийн харанхуй 12 дугаар сар" болж өнгөрсөн тухай “Би-Би-Си” телевиз мэдээлэв.

Оросын цаг уурчид мэдэгдэхдээ "Москвад өнгөрсөн  оны 12 дугаар сард нар бараг огт үзэгдээгүй гэхэд болно. Москвачуудад нар ердөө зургаахан минут л үзэгдсэн. Өмнөх жилүүдэд москвачууд 12 дугаар сард хэдэн арван цагийн нар үздэг байсан” гэжээ.

Тус улсад өвөлдөө их хүйтэрдэг юм. Гэхдээ Оросын хамгийн хүйтэн бүс гэдгээрээ алдартай Алс Дорнодын Бүгд Найрамдах Саха Улс буюу Якутад энэ долоо хоногт агаарын температур Цельсийн -60 градусаас доош байсан байна. Харин Москвад ойрын үед Цельсийн -7 градус хүйтэн байна.

Орост Цельсийн -50 градусаас давж хүйтэрсэн тохиолдолд сургууль цэцэрлэг хаалгаа барьж, хүүхдүүдийг гадагшаа гаргадаггүй аж.
 
Өнгөрсөн сард цаг агаарын байдал хэвийн бус байсан нь “Атлантын далайгаас ирсэн дулаан агаарын асар том урсгалын нөлөө” гэж Оросын Цаг уурын газрын захирал Роман Вильфанд үзэж байна.

Үүнээс өмнө Москвад “хамгийн харанхуй 12 дугаар сар” 2000 онд бүртгэгдэж байжээ. Тодруулбал, 2000 оны 12 дугаар сарын турш тус хотод ердөө гуравхан цаг нар үзэгдэж байсан гэнэ.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ