top banner

ҮСХ-ны зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв


2018-01-17 15:33:10
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв. 

Статистикийн тухай хуулинд “Зөвлөл нь долоон хүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийн гурван гишүүнийг УИХ-ын холбогдох байнгын хороо, гурван гишүүнийг Засгийн газар санал болгож УИХ томилно. Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүд нь орон тооны бус байна” гэж заасан.

Засгийн газраас ЗГХЭГ-ын Хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан дэд дарга, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний хөгжлийн газрын даргыг нэр дэвшүүлсэн. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны дэд ерөнхийлөгч, Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөхийг Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар санал болгосон бөгөөд УИХ-ын гишүүн Б.Жавхлан ШУА-ийн тухайн асуудал эрхэлсэн чиглэлийн ерөнхийлөгчийг Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулах саналыг гаргав. Ийнхүү нэр дэвшигчдийг дэмжих эсэх болон УИХ-ын тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Монгол брэнд