УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

Монголын мэдээ | Улс төр
mn_tuul@montsame.mn
2018-01-18 10:47:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.

Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалан явуулж байна. Учир нь УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр Ханой хотноо болох Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 26 дугаар уулзалтад оролцохоор БНСВУ-ыг зорьсон юм. Тиймээс зохих хуулинд заасны дагуу УИХ-ын дэд дарга хуралдааныг даргалж явуулж байна.

Хуралдааныг даргалагч өнөөдрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай, Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2018 оны төсвийг батлах тухай зэрэг хууль тогтоолын төслийг хэлэлцэхээр товлосон болохыг танилцуулав.

Одоо товын дагуу Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулж хууль санаачлагчаас асуулт асууж, тайлбар авч байна.
Б.Туул
Холбоотой мэдээ