top banner

Хилийн чанад дахь Монгол Улсын төрийн өмчийг тоолж байгаа гэв


2018-01-18 18:06:48
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай" УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжив.

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суух БНХАУ-ын Ерөнхий консулын газрыг нээхтэй холбогдуулан Ерөнхий консулын газрын барилга байгууламжийг барихад зориулан 2 га газрыг олгох шийдвэрийг орон нутгийн түвшинд гаргасан байна. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалтад заасны дагуу гадаад улсын дипломат болон консулын газарт олгох газар нь улсын тусгай хэрэгцээний газарт хамаардаг, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.1.3 дахь заалтад заасны дагуу УИХ гадаад улсын дипломат болон консулын газарт олгох газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоодог зохицуулалттай. Тиймээс дээрх хууль, эрх зүйн үндэслэл, практик шаардлагын дагуу “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан өргөн бариад байгаа юм. 

Тогтоолын төслийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн бол өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү "БНХАУ-аас мөн 2 га газар авах боломжтой юу? ОХУ-д байгаа Монгол төрийн өмчлөлийн орон сууцны асуудлыг шийдэгдэх боломж байна уу" хэмээн асуухад УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан "Хоёр талын газар адилхан хэмжээнд байх ёстой. Гэхдээ манай тал 2 га газар өгөхөөр өргөн барьж байна. Манай хоёр улсын яамны хэмжээнд хэлэлцээр хийж байгаа. Ингэхдээ Замын-Үүдэд 2 га газар өгөөд хариуд нь Эрээн хотод 1,6 га газар авах асуудал яригдаж байна" гэсэн бол Ажлын хэсгийн төлөөлөгч "Хилийн чанадад байгаа Монгол Улсын төрийн өмчийг тоолох ажил хийж байгаа. Бид энэ жилээс бүгдийг нь тоолоод, дараа нь ажлаа Засгийн газарт танилцуулна" гэжв.
Н.Туяа



Сурталчилгаа
Монгол брэнд