Их Британи Ганцаардлын асуудал хариуцсан сайдтай болжээ

Дэлхийн мэдээ | Эрүүл мэнд
dorjkhand@montsame.mn
2018-01-19 11:19:17
ЛОНДОН. /Би-Би-Си/. Их Британи нийгэмд тулгамдсан асуудлын нэг болоод буй ганцаардлын асуудлыг хариуцсан сайдтай болжээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй энэ долоо хоногийн лхагва гарагт парламентын гишүүн Трейси Краучийг Ганцаардлын сайдаар томилсон байна.

Т.Мэй хэлэхдээ “Өнөөгийн нийгэмд хамгийн тулгамдсан, “хамгийн гунигтай” асуудлуудын нэг бол ганцаардал. Хайртай дотны хүмүүсээ алдсан хүмүүс, тухайлбал өндөр настнууд болон бэлэвсэрч үлдсэн эмэгтэйчүүдийг ганцаардлаас аврахын тулд Ганцаардлын асуудал хариуцсан яам байгуулж байна” гэжээ.

Статистик мэдээнээс үзвэл, Их Британд байнга шахуу ганцаараа байдаг есөн сая гаруй хүн байна. Мөн тус улсад найз нөхөд, хамаатан гэх хүнгүй 200 мянга гаруй өндөр настан байгаа аж. 

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, ганцаардал нь сэтгэцийн эмгэгтэй болоход хүргэж буй хүчин зүйлсийн нэг гэнэ.

Их Британийн Засгийн газар буяны байгууллагуудтай хамтран ганцаардлын асуудлыг шийдвэрлэх стратегийг энэ онд боловсруулахаар төлөвлөөд байгаа ажээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ