top banner

М.Пенс: АНУ ЭСЯ-аа 2019 оны эцсээс өмнө Иерусалим руу шилжүүлнэ


2018-01-23 11:17:17
Зураг
ИЕРУСАЛИМ. /Шиньхуа/. АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пенс даваа гарагт буюу өчигдөр Израилийн парламентад үг хэлэх үеэрээ “Тель-Авив хот дахь АНУ-ын ЭСЯ-ыг Иерусалим хот руу шилжүүлэх ажил хоёр жилээс хэтрэхгүй” гэжээ.
 
"Шиньхуа" агентлагийн мэдээлснээр, М.Пенс хэлэхдээ “Өнөөдөр би энд америкчуудын нэрийн өмнөөс зогсож байна. Америкийн ард түмэн израильчуудтай сэтгэл зүрхээрээ ямагт хамт байх болно. Ерөнхийлөгч Д.Трампын ачаар манай хоёр улсын харилцаа урьд урьдынхаасаа улам илүү хурдтайгаар өргөжин бэхжиж байна” гэжээ.
Түүний хэлснээр, Тель-Авив хот дахь АНУ-ын ЭСЯ-ыг 2019 оны эцсээс өмнө Иерусалим руу шилжүүлэх аж. ЭСЯ-ыг шилжүүлэх бэлтгэл ажлыг базааж эхлэхийг Д.Трамп Төрийн департаментад аль хэдийнээ үүрэг болгосон гэнэ.
 
Палестинчууд “ирээдүйн төрт улсынхаа нийслэл хот”-ыг гэж үздэг Иерусалимыг Д.Трамп өнгөрсөн оны сүүлчээр “Израилийн нийслэл”-ээр зарласан юм. Үүнтэй холбоотойгоор палестинчууд эсэргүүцлээ илэрхийлсээр буй энэ үед М.Пенс дээрх мэдэгдлийг хийлээ.
 
Иерусалим бол дэлхийн хамгийн маргаантай газруудын нэг юм. Израилийн Засгийн газар тус хотыг бүхэлд нь улсынхаа “нийслэл” гэж үздэг. Харин палестинчууд мэдэгдэхдээ “1967 онд Ойрхи Дорнодын дайны үеэр Израилийн цэргүүд Зүүн Иерусалимыг хууль бусаар булаан эзэлсэн. Энэ хот бол Палестины ирээдүйн төрт улсын нийслэл хот” гэдэг билээ.
 
Иерусалимын асуудлаархи Израилийн байр суурийг олон улс ч дэмждэггүй юм.
 
Г.Доржханд

Монгол брэнд