"Фэйсбүүк"-т криптовалютын сурталчилгаа байршуулахыг хориглов

Дэлхийн мэдээ | Эдийн Засаг
dorjkhand@montsame.mn
2018-01-31 14:42:04
САН-ФРАНЦИСКО. /Синьхуа/. Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй нийгмийн сүлжээ болох “Фэйсбүүк”-т криптовалют буюу цахим валютын талаарх сурталчилгаа тавихыг хориглолоо гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ.
 
“Фэйсбүүк” компаниас мягмар гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, криптовалютууд, тэдгээрийн дотор “биткойн”-ы талаарх ямар ч сурталчилгааг “Фэйсбүүк”-ээр тараахыг бүрэн хориглосон байна. Тус компанийн мэдэгдэлд “Зар сурталчилгаанууд нь бусдад ямар нэгэн байдлаар сөргөөр нөлөөлөхөөргүй, хор хөнөөл учруулахааргүй байх ёстой. Бид ямагт хэрэглэгчдийнхээ эрх ашгийг нэгдүгээрт тавина. “Фэйсбүүк” бол бусдыг хуурч мэхэлсэн, худал мэдээлэл байршуулдаг газар биш” гэжээ.

2004 оны хоёрдугаар сарын 4-д үүсгэн байгуулагдсан “Фэйсбүүк”-ийн идэвхтэй хэрэгчлэгдийн тоо 2017 оны зургадугаар сарын байдлаар 2 тэрбум гаруй байсан юм.
Г.Доржханд
Холбоотой мэдээ