top banner

VOA: Д.Трампын тавьсан илтгэлийг тоймлосон нь


2018-02-01 14:02:55
Зураг
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш анх удаа “Улс орны нөхцөл байдал”-ын талаарх илтгэлийг Конгресст тавилаа. Тэрбээр улс орны эдийн засгийн байдал болон олон улсын тулгамдсан асуудлуудыг хөндөн ярьсан юм. Түүний илтгэлд дурдагдсан гол гол санааг мэдээллийн VOA агентлаг тоймлон нийтэлснийг орчуулан хүргэе. 
 
1. Гадаад бодлого
 
Д.Трамп илтгэлдээ “бусдаас цэргийн хүчээр давуу байх нь улс орны аюулгүй байдлын баталгаа мөн” гэж дурдсаныг  “Америкийн дуу хоолой” агентлаг онцолсон байна.
 
Америкийн ашиг сонирхол, эдийн засаг болон түүний үнэт зүйлсийн эсрэг өдөөн дайралт хийж буй Хятад, Орос зэрэг өрсөлдөгч орнуудыг сөрөн зогсохын тулд Америкийн цөмийн зэвсгийн нөөцийг сэргээн шинэчлэхийг Ерөнхийлөгч Д.Трамп Конгресст уриаллаа.
 
“Америкийн ашиг сонирхол, манай эдийн засаг болон бидний үнэт зүйлс рүү дайралт хийж буй муу муухайн үүр уурхай болсон харгис дэглэмүүд, террорист бүлэглэлүүд болон Хятад, Орос зэрэг өрсөлдөгчидтэй бид нүүр тулж байна” хэмээн Д.Трамп  Сенат болон Төлөөлөгчдийн танхимын гишүүд, олон тооны зочдын өмнө мэдэгдэв.  
 
Сул дорой байх нь мөргөлдөөнд зайлшгүй хүргэдэг бол бусдаас илүү хүчтэй байх нь өөрийгөө батлан хамгаалах хамгийн найдвартай арга хэрэгсэл мөн гэж Ерөнхийлөгч дүгнэн хэллээ. Ийм учраас АНУ-ын зэвсэгт хүчнийг бүрэн хэмжээгээр санхүүжүүлэхийг Конгрессоос хүсч байгаагаа тэрбээр мэдэгдсэн юм.  
 
“Улс орноо батлан хамгаалах зорилтын хүрээнд цөмийн зэвсгийн чадавхиа сэргээн шинэчилж, цөмийн хүчийг түрэмгийллийн аливаа үйлдлийг тогтоон барьж чадахаар болгох хэрэгтэй” гэдгийг Ерөнхийлөгч онцлон тэмдэглэсэн байна.
 
“Ирээдүйд хэзээ нэгэн цагт гайхамшигт мөч ирж, цөмийн  зэвсгээ устгах тал дээр дэлхийн улс орнууд санал нэгдэж магадгүй юм. Харамсалтай нь, одоохондоо ийм мөч ирээгүй байна” гэж Д.Трамп хэлэв. 
 
Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд Орос улс,  НАТО болон Европын аюулгүй байдлын талаар ердөө ганцхан удаа дурдагдсаныг онцлох нь зүйтэй.

Үүний сацуу тэрбээр Умард Солонгосыг “харгис хатуу дарангуйллын дэглэм” хэмээн ширүүн шүүмжиллээ. Цөмийн пуужинтай болох гэсэн Умард Солонгосын ухаан жолоогүй хүсэл нь манай эх оронд тун ойрын үед аюул занал учруулж магадгүй байна” гэж тэрбээр сэрэмжлүүлээд “ийм зүйл гаргуулахгүйн тулд бид тус улсад хамгийн хүчтэй шахалтыг үзүүлэх болно” гэв. “Зөөлөн сэтгэл гаргаж, буулт хийх нь түрэмгийлэл болон өдөөн хатгалгыг өөгшүүлдэг гэдгийг өнгөрсөн цаг үеийн сургамж бидэнд сануулж байна. Өмнөх засгийн газрын алдааг би давтахгүй, энэ алдаанаас болж бид ийм аюултай байдалд орсон” гэж Ерөнхийлөгч мэдэгдлээ. Гэвч тэрбээр Пхеньяны дэглэмийн талаар ямар бодол төлөвлөгөөтэй байгаагаа нарийвчлан ярьсангүй.  

Холбоотнуудтайгаа хүч хавсран “Лалын улс”-ыг газрын хөрснөөс арчин устгана гэж өнгөрсөн онд амлаж байснаа Ерөнхийлөгч цугларсан олны өмнө санууллаа. Тэрбээр “холбоотны хүчин Ирак болон Сирид “Лалын улс”-ын алуурчдын эзлэн аваад байсан газар нутгийг 100 хувь чөлөөлж чадсан гэдгийг нэг жилийн дараа миний бие бахархалтайгаар илтгэн мэдэгдье” гэв.

Олон зуун террористуудыг шоронгоос сулласнаараа “тэнэг зүйл” хийсэн Барак Обамагийн засаг захиргааг тэрбээр шүүмжлэхдээ өмнөх Ерөнхийлөгчийн нэрийг дурдсангүй. Тэрбээр Гуантанамо дахь шоронг хаахгүй байхыг Батлан хамгаалахын сайдад үүрэг болгосноо дуулгасан юм.

Б.Обама сонгуулийн сурталчилгааныхаа үеэр уг шоронг хаана гэж хэдэнтээ амлаж байсан боловч Конгрессийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарснаар энэ амлалтаа биелүүлж чадаагүй билээ.

2. Улс орны эдийн засгийн байдал

Илтгэлийн үндсэн хэсэг нь Д.Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойших нэг жилийн хугацаанд улс орны эдийн засагт гарсан өөрчлөлт, амжилтууд болон түүний засаг захиргааны хийж гүйцэтгэсэн ажлын тухай сэдэвтэй байлаа.  

Америкчуудын тухай

Америк орныг илүү сайн сайхан, илүү хүчирхэг болгосон жирийн америк иргэдийн талаар Ерөнхийлөгч нухацтай удаан ярилаа. “Энэ дэлхий дээр америкчуудаас илүү зоригтой, тууштай ард түмэн байхгүй гэдгийг дэлхий дахин сүүлийн нэг жилийн дотор харж үнэмшлээ. Уул байвал бид авираад гарч байна, бэрхшээл сорилт байвал бид даваад гарч байна, боломж байвал бид түүнийг ашиглаж байна” гэж Ерөнхийлөгч бахархалтайгаар хэлэв. 

Эдийн засгийн байдлын тухайд

Өөрийг нь Ерөнхийлөгч болсон тэр мөчөөс эхлэн “өөдрөг үзлийн шинэ давалгаа” АНУ-ыг хамарсан гэдгийг Трамп онцлон тэмдэглэлээ. Хийсэн ажлаа тэрбээр “ер бусын ахиц дэвшил”, “гайхалтай үр дүн” хэмээн дүгнэжээ. Тухайлбал, 2,4 сая ажлын байр, түүний дотор аж үйлдвэрийн салбарт 200 мянган ажлын байрыг шинээр бий болгосноо дурдсан юм. Ажилгүйдлийн түвшин сүүлийн 45 жилийн хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрсэн ба хөрөнгийн биржийн үзүүлэлтүүд рекорд амжилт тогтоосоор байгааг Ерөнхийлөгч тэмдэглэн хэллээ.

Татварын шинэчлэлийн тухайд

Татварын шинэчлэл нь дунд давхаргынхан болон жижиг бизнес эрхлэгчдэд асар их тус дэм болсныг Д.Трамп онцолсон юм. 

Эрүүл мэндийн даатгалаас татгалзсан тохиолдолд америкчуудыг торгууль төлөхөд хүргэдэг хуулийн заалтыг хүчингүй болгосноо тэрбээр бахархалтайгаар мэдэгдлээ. Орлогын албан татварын хэмжээ 35 хувиас 21 хувь болж буурсны ачаар Америкийн компаниуд дэлхийд хэнтэй ч болов өрсөлдөн ялж чадахаар болжээ. Энэ нь дундаж амьдралтай айл өрхийн орлогыг 4 мянган доллароор нэмэгдүүлэх боломжийг олгоно. Энэ бүхний үр дүнд олон компани өөрийн ажилтнууддаа шагналт цалин олгох, том хэмжээний хөрөнгө оруулалт хийх боломжтой болсныг Трамп дурдлаа.

Гадаад худалдааны тухайд

Олон улсын тавцанд өөртөө ашиггүй гэрээ хэлэлцээрүүд хийхээ АНУ нэгэнт больсон гэдгийг Д.Трамп мэдэгдлээ.

Дэд бүтцийг шинэчлэх тухайд

Дэд бүтцийг шинэчлэхийн уриалахдаа Трамп нэгэн харьцуулалтыг хийсэн юм. “Бид “Эмпайр-стейт-билдинг” барилгыг ганцхан жилийн дотор барьсан. Гэтэл ердийн нэгэн зам барих зөвшөөрөл авахын тулд бүхэл бүтэн 10 жил хүлээж байгаа нь ичгүүртэй хэрэг бус уу” гэж тэрбээр шүүмжиллээ. 

Ерөнхийлөгч Конгресст хандан нам хоорондын санал зөрөлдөөнөө мартаж, дэд бүтцийн төслүүдэд 1,5 их наяд доллароос багагүй хэмжээний мөнгө төсөвлөхийг уриалсан юм. Үүний тулд хүнд суртлын саад бэрхшээлүүдийг арилгана гэдгээ тэрбээр амлалаа.

Цагаачлалын асуудал

Цагаачлалын бодлого нь Америкийн ажилчид, Америкийн гэр бүлүүдийн ашиг сонирхолд нийцэж байх ёстой гэдгийг Трамп онцлон хэллээ. Түүний үзэж байгаагаар, “нээлттэй хил хязгаар” нь АНУ-д ажлын байр устахад хүргэж, тус улсад гэмт хэрэгтнүүд болон хар тамхи нэвтрэх боломж олгож байгаа аж.

Сальвадорын  MS-13 гэдэг гэмт бүлэглэл АНУ-д аймшигт гэмт хэргүүд үйлдэж байгаа талаар Ерөнхийлөгч нэлээд удаан яриад энэ бүхнийг эцэс болгохыг уриаллаа. Тэрбээр Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих, “ногоон карт”-ны сугалааг цуцлах, төрөл төрөгсдийн холбоогоор дамждаг “гинжин цагаачлал”-д хатуу хяналт тогтоох нь чухал гэдгийг онцолсон юм.

Ирээдүйн тухай

Өөрсдийн үнэт зүйлс, өөрийн орны иргэд болон Бурханд итгэж байгаа цагт бид ялагдахгүй. Бурхан Америкийг ивээх болтугай! гэж хэлснээр АНУ-ын Ерөнхийлөгч үгээ төгсгөлөө. 

Б.Адъяахүү 

Монгол брэнд