top banner

СЕСИЛЬ БА ГЭМ ЗЭМГҮЙ ХУУРАГСАД


2018-02-02 16:00:20
Зураг

1935 оны 6 сарын 21. Энэ өдөр Францын нэрт зохиолч Франсуа Куарег мэндэлжээ. Түүний аав нь компанийн захирал бөгөөд ээж нь томоохон газар эзэмшигчийн охин байсан гэдэг. Саган хоёр ч удаа гэрлэж байсан бөгөөд өөрөөс нь 20 насаар ах Гая Счоеллертэй хамтран амьдарч 1960 оны зургаа дугаар сард гэрлэлтээ цуцлуулжээ. 1962 онд тэрээр Америкийн залуу жүжигчин Боб Вэстхофтой гэрлэж, ваарчин болсон ч хосууд 1963 онд салсан байна.  Үүний дараа загвар зохион бүтээгч Пегги Рошетэй удаан хугацааны харилцаатай байсан гэдэг.

Салж сарнисан энэ түүхүүд нь  Саганы 18 насандаа бичиж, Католик шашны үнэт зүйлс хүчтэй байсан Европын нийгэмд шуугиан тарьсан “Сайн уу, гуниг минь” бэсрэг романтай холбогдох учраас эхэнд дурдсан болно.

Энэ алдартай зохиол залуу орчуулагч Б.Сувддуламын хөрвүүлснээр анх удаа монгол хэлт уншигчдад хүрч буй бөгөөд “Тагтаа” паблишинг хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ. 1920-иод оны үед модернизммийн давлагаа эрчээ авч, урлаг, уран зохиол бүхэлдээ шинэчлэгдсэн гэж үздэг. Бүгдийг өөрчилсөн тэр жилүүдийн тоос замхарч амжаагүй, экзистенциализм мандан бадарч асан 1950-иад оны үед хамаарах эл зохиол төсөрхөн хэмжээ, хөнгөхөн найруулгатай ч утга зохиолын түүхэнд жинтэй байр эзэлдэг.

Номын өмнөтгөлд, “Зохиолд арван долоохон настай охины өөрийн онцлогт хувь хүн болж төлөвших гэсэн хүсэл эрмэлзэл хийгээд нийгмээс тулгаж буй оноосон дүр хоёрын дундах зөрчил, мөнхүү зөрчлөөс үүдэх гуниг ганьхарлыг нүдэнд үзэгдэж, сэтгэлд тэмтрэгдтэл, эрс шулуухан бичсэн нь тийнхүү шашны уламжлал, дэг жаяг нь ноёлог хэвээр асан европын уншигчдын нүдийг бүлтийлгэсэн хэрэг болсон билээ” хэмээсэн буй.

ШОРГООЛЖ, ДЭВХРЭГ ХОЁРЫГ САНАЦГААЯ!

Бид бүгдээрээ “Шоргоолж ба дэвхрэг” хэмээх ёгт үлгэрийг мэднэ. Шоргоолж зунжин хоол тэжээлээ цуглуулж харин дэвхрэг хөгжим тоглосоор байдаг. Өвлийн хахир хүйтэн ирэхэд дэвхрэг шоргоолжоос идэх юм гуйхад “зунжин хөгжим тоглосон юм бол одоо явж бүжиглэхгүй юу!” хэмээнэ. Уншигч бүр л шоргоолжийн ухаантайг магтаж дэвхрэгийн мулгууг хүүхдүүддээ жишээ татан ярьж өгдөг.

Харин “Сайн уу, гуниг минь” романы гол дүр Сесиль охинд дэвхрэг таалагдах нь мэдээж. Түүнд бүх зүйлс гунигтай, нэг бол хөгжилтэй санагдана. Харин оршихуйн бусад чанар нь зүгээр л түр зуурын амраглалаас үл хэтрэх. Зохиолын нөгөө нэг гол дүр Анна бол шоргоолж, Сесиль дэвхрэг. Учир нь “Анна одоо дөчин хоёр настай ч олон эрсийн мөрөөдөл болсон дур булаам, үзэсгэлэнтэй эмэгтэй. Ихэмсэг бардам ч аядуу тайван зантай тэрбээр хэр баргийн юманд түрүүлж ам нээхгүй. <...> Ер нь түүнийг ажиглаад байхад гаднаа гал цогтой хэр нь дотроо сэтгэл нь гайхмаар амгалан хүн шиг санагддаг”.

Харин одоо Сесилийг уншигчийн хувьд тодорхойлох гээд үзье.

“-Шалгалтууд чинь юу болсон бэ?
“Уначихсан
! Ганцад нь ч тэнцээгүй” гэж би баясалтай нь аргагүй хариулав”.

Сесиль өөрийн дур зоргоороо, аливаад захирагдаж, бие хүлсэн олсыг таслах гэж оролдолгүйгээр тайван суух нэгэн бус. Ирээдүй үгүй, өнгөрсөн гэж хоосон, тиймээс Сесиль яг одоо цагт л оршин буйгаа мэдэрч, бусдаас хараат байхыг илүүд үздэг. Гэвч тэр амьдрал хэмээх урт замын туршид үргэлжлэх олон дэнлүү асаатай байдагт итгэдэг хөнгөн бодолтой нэгэн бас биш билээ. Учир нь романы нэгдүгээр хэсэгт гарах доорх өгүүлбэрээс эхлээд тэр өөрийгөө тодорхойлж, уншигчдад нээж өгнө.

“Уйтгарлах, харамсах, гэмшихийг угтаа би сайн мэднэ, харин гуних гээчийг л үзсэнгүй явлаа”

Тэгэхээр уйтгар, гуниг хоёр нэг тавцанд зэрэгцэн зогсох адилхан ойлголтууд биш байх нь. Мэдээж уйтгар бүр өөрийн гэсэн инээмсэглэлийг дотроо агуулж байдаг. Үүнийг Сесиль охины дүр бүрэн төсөөлж, уншигчдад харуулж чадна. Харин “гуниг” бол “жинхэнэ өвдөлт” буюу шоргоолж дэвхрэгийг хөөж явуулчихаад “одоо явж бүжиглэхгүй юу” гэж хэлсэндээ орой бүр шаналах мэдрэмж юм. Өнгөрсөнд үлдээсэн харуусал Сесилийн цээжинд торох агшин бүрийд жигтэй мэдрэмж бие дотуур нь тархана. Энэ бол өнгөрсөн зуны өвдөлт хийгээд “гуниг”.
 
ХҮҮРНЭЛИЙГ ХӨДӨЛГӨГЧ ЧАНАР

Нэгдүгээр хэсэг

Зохиол хэрхэн үргэлжилж, хөдөлгөөнд орж буйг нарийн ажиглах нь Сесилийг хувь хүнийх нь үүднээс өөртөө цоо шинээр нээсэнтэй агаар нэг.

“Сирил ч бас над руу харахдаа нүд нь яг аавынх шиг очтон гялалздаг юм. Тэгэхэд нь би түүнийг түлхэж хаяад зугтах уу эсвэл тэвэрт нь үлдэх үү гэдгээ мэдэхээ байчихдаг сан.”

“Би хийдгээ хийсэн хүн гэх атлаа нидэр дээрээ юу ч хийж гийгүүлээгүй. Ядахдаа чинээлэг гэр бүлд төрчихөөд гудамжинд гарч биеэ үнэлсэн бол магтан сайшааж болох сон” гэж би хашхичлаа”

“Манай аав өвөртөө оруулах өөр эмэгтэй олсон болохоор дуудтал нь хүлээж бай гэж Эльзад хэлэх үү?”

“Би Аннагийн ааль занд л анхаарал хандуулж явснаас адилхан эмэгтэй хүнийх нь хувьд анзаарч байгаагүй ажээ. Өөртөө итгэлтэй, эрхэмсэг, ухаалаг эмэгтэй л гэж харж байснаас бусдын л адил хүсэл тачаалдаа захирагддаг сул дорой нэгэн гэж санасангүй явлаа”.

“Өөрөөрөө баймаар байна гэж хэлэхгүй, яагаад гэвэл би өөрийгөө ямар “түүхий” байгааг мэднэ. Гэхдээ “боловсорч гүйцэх” гэж хичээхгүй ээ”.

“Би Сирилийг бодож суув. <...> Хайрлуулж, халамжлуулж, гомдол гансралаа мартан тайтгарч, хамтдаа нэгэн цул болохсон. <…> Өөрийгөө өрөвдөн уйлмаар болсон ч бардам зандаа дийлдэв. Тэгээд ч надаас илүү Анна өрөвдөлтэй санагдлаа. Учир нь би түүнийг буулгаж авна гэдэгтээ бүрэн дүүрэн итгэлтэй байлаа”.

Далайн эрэгт өөрийн эцэг болоод амраг хүүхэн Эльзатай нь хамт хөгжилтэй өдрүүдийг өнгөрөөж байсан Сесиль охин таагүй мэдээ сонсоно. Аав нь Аннаг урьсан байдаг. Сесиль мөн Сирил гэх залуутай учирдаг. Харин бусдыг нь дээр татаж авсан жишээнүүд хэлж өгөх биз ээ.

Романы гол дүрийг эдгээр өгүүлбэрүүд бүрнээ төлөөлөхүйц хийгээд уншсан хүний нүдэнд бол “нэгдүгээр хэсэг”-ийн үйл явдал шууд харагдана. Дээрх өгүүлбэрүүд зохиолын хүүрнэлийг цааш хөдөлгөж үйл явдал өрнөх талбайд шинэ асуудлыг дэгдээж байна. Харин зохиолын хүүрнэл нь Сесилийн бодол санаа, мөн чанарыг нь даган хөдөлгөөнд орж буйг уншигчид анзаарч хараасай гэж найднам.

Хоёрдугаар хэсэг

Харин энд романы хоёрдугаар хэсгийг бүрэн төлөөлж чадах, ердөө зургаахан л жишээ авах гээд үзье.

“Анна хэзээ ч намайг асуултаар булж, сэтгэлээ уудлах боломж олгохгүйг, тийм бодол толгойд нь орсон ч бардам зан нь саад болно гэдгийг би даруй ухаарав”.

“Хурим болохгүй, Эльза. Аав аль хэдийн зовлонд уначихаад байна. ”

“Надад Сирилтэй гэрлэх ямар ч хүсэл байгаагүй тул яаж булзааруулж, аятайхан аргалах вэ гэж толгойгоо гашилгаж зогслоо. Би түүнд хайртай боловч юу юугүй гэрлэж бараалахыг хүсэхгүй байв. Тэгээд ч надад хүний эхнэр болох хүсэл үгүй. <…> Коллежийн зэрэг авахаас илүүтэй халуун нарны илчинд төөнүүлэн хэн нэг хархүүтэй үнсэлцэж суухдаа илүү авьяастай гэдгээ ойлгох шиг болов”

“Чухам тэр мөчөөс л надад хэрцгээ санаа төрж эхэлсэн сэн. Тэр санаа миний дотор тэжээгдсээр улам бүр биежиж байлаа. Би орон дээрээ хэвтээд өшөө авах аргаа боловсруулж эхлэв”

“Анна нуруугаа цэхлэн суухад нүүр нь татвалзаж харагдав. Тэр уйлж байлаа. Аннаг бусдын л адил зовж шаналдаг зүрх сэтгэлтэй хүн гэдгийг, түүнийг нь өөрийн гараар хайр найргүй сийчиж орхисноо тэгэхэд л би анх ухаарсан юм. Нэгэн цагт Анна бага зэрэг зожиг ч гэмээр бяцхан охин байсан байж таараа. Өдий насанд хүрэхдээ өрнүүн дэврүүн залуу насыг ч тойрч гараагүй нь лавтай. Одоо тэр дөчин настай атал орь ганцаар үлдлээ”.

“Заримдаа Аннаг дурсан ярилцана. Бидний яриа голдуу л “Тэр өдрийг санаж байна уу?” гэж эхэлдэг сэн”.

Миний хувьд романы хоёрдугаар хэсгийг ингэж цохолборлох байна.

“Хүрэх л гэж тэмүүлж явдаг зүйл хэзээд аз жаргал байдаг хойно” хэмээх өгүүлбэрийг уг романд хатгахдаа Саган 18-хан настай байжээ. Саар муухайг бүхлээр нь харсан ч гэлээ дээшилж хөгжих тухай Сесиль охин огтхон ч бодсонгүй. Нийгэм аливаа хууль, дүрэм журмыг ягштал мөрдөж, шинэ сайхан тогтолцоо бий болгосон ч аливаа зүйл хэзээд л нуран унаж, алгуурхан мандаж, хуучин ёсоор амьдрал үргэлжилсээр л байдаг гэдгийг романы төгсгөлөөс бид олж уншина.

Жон Сатэрлэндийн бичсэнчлэн, “Зохиол хэдий хиймэл, бодит бус юм шиг атлаа үнэн хэрэгтээ улс төрд хөндлөнгөөс оролцох боломжийг зохиолчдод олгодог байсан...” Тиймдээ ч тус бэсрэг роман нийгэмд чухал нөлөө үзүүлсэн хэрэг.

Мэдээж хүн өсч дэвжинэ, биднийг хүрээлэн ертөнцийн явдал ч илүү таатай болж магадгүй юм. Гэхдээ тухайн үеийн хүлээстэй нийгэмд оршихуйгаа шудрагаар шүүж, хайч гартаа атгахгүйсэн бол юу ч өөрчлөгдөхгүй. Тиймээс бодит хандлага, шудрага үнэн хэрэгтэй цагтаа мэндэлсэн нь “Сайн уу, гуниг минь” роман байж.

СЭТГЭЛД ХҮРСЭН ТӨГСГӨЛӨӨС ЦААШ...

Анх үүссэн хэлбэр нь ганцаардал, уйтгар байсан бөгөөд өөрчлөн найруулах шаардлагатайн улмаас Саган эдгээрийг “гуниг” болгон хувиргачихав уу? Ийм л асуулттай сүүлчийн хуудас эргүүлж дууссаны дараа нүүр тулав. Хэрман Хэссэгийн “Талын чоно”, А.Камюгийн “Хөндлөнгийн хүн”, Селинжерийн “Хөх тарианы харуул” Б.Шлинкийн “Уншигч” зэрэг зохиолуудын эцэст хаа нэгхэн энэ асуулттай таардаг ч ийм тодоор нүүр тулж байсангүй. Магадгүй аж төрөхүйдээ зохиомлоор “утга учир” үүсгэх шаардлага хэн бүхний өмнө тулгардаг болов уу?



Үнэндээ Саганы эл романд сүртэй олон үйл явдал нэг их гарахгүй. Харин ч уйтгартай зуны халуун өдрүүд, байдаг л хайр сэтгэлийн зөрчил, удахгүй болох шалтгалтанд бэлдэх ёстой толгой гашилгасан бодлууд үргэлжилж саваагүй охины өшөө авалт, гэнэн цайлган дурсамжийн эцэст төгсдөг. Гэвч цөөн хэдэн дүрээр хүний сэтгэл зүйн байдлыг тод харуулж, хоорондын төвөгтэй харилцааг дэлгэн үзүүлснээрээ онцлог болж чадсан юм.

Сесиль түүний аав хоёр хуучин аж төрөхүйдээ эргэн орж гэм зэмгүй хуурагсад анхнаасаа тодорхой байсан хувь тавиланд жаахан зүү хатгаж өгсөн мэт л санагдана. “Нийгэм хувирч өөрчлөгдөж болох ч эргээд л хөл толгойгоо алддаг” гэх Бродскийн үг ч санаанд харвах шиг. Мөнхүү 18-хан нас нь шууд нөлөөлнө. Үгүй байсан бол өөрчлөлтийн салхи үүсч байсан тухайн үед Саганы эл романыг шууд хогийн сав руу чулуудчих байсан биз ээ.
 
Тоймч: Б.Алтанхуяг
 

Монгол брэнд