top banner

Альцгеймерын өвчнийг ганцхан дусал цусаар оношлох аргыг олжээ


2018-02-02 18:08:06
Зураг
ТОКИО. /ТАСС/. Японы хөгшрөлт судлалын үндэсний судалгаа шинжилгээний төвийн эрдэмтэд багахан хэмжээний цусаар Альцгеймерын өвчнийг оношлох хялбар аргыг олжээ.  
 
Эрдэмтэд Альцгеймерын өвчнийг хүндрүүлэх үндсэн шалтгаануудын нэг болдог бета-амилоид– пептидтэй холбоотой бодисыг гарган авснаар уг аргыг олсон байна. Энэ арга нь тархинд хуримтлагдсан илүүдэл бета-амилоидыг тодорхойлох боломжийг олгодог аж. Шинжилгээг хийхийн тулд 0,5 мл цус байхад хангалттай гэж үзжээ.
 
Эрдэмтэд уг аргыг Япон болон Австралийн 60-90 насны 230 өвчтөнд туршиж үзсэн бөгөөд тохиолдлын 90 хувьд нь үнэн зөв онош гарсан байна.
 
Альцгеймерын өвчнөөр өнөөдөр дэлхий даяар нийт 50 сая хүн өвчилж байгаа бөгөөд жил ирэх тутам нэмэгдэж байгаа аж. Зарим тооцоогоор, 2050 он гэхэд альцгеймрээр өвчилсөн хүний тоо 131 сая давж магадгүй гэж үздэг аж.
 
Альцгеймерын өвчин бол өндөр настай хүмүүст тохиолддог хамгийн түгээмэл сэтгэцийн олдмол өвчнүүдийн нэг юм. Альцгеймерын өвчин туссан тохиолдолд нь тархины эсүүд үхжиж, сэтгэцэд өөрчлөлт орж, ой санамжаа алдаж,  бусдын яриаг ч ойлгохоо больдог аж.

Энэхүү сэтгэцийн олдмол өвчнийг анх тайлбарласан эмч Алойс Альцгеймерын нэрээр нэрлэсэн байна. Дэлхийн 65-аас дээш насныхны 5% нь энэ өвчнөөр өвчилсөн байдаг гэнэ. Өвчний явцад тархинд “Plaques”, “Tangles” гэх бүтцүүдийг үүсгэдэг уураг хуримтлагддаг ажээ Энэ нь цаашлаад мэдрэлийн эсүүд хоорондын холбоог алдагдуулж, эцэстээ мэдрэлийн эсүүд үхэждэг байна. Альцгеймерын өвчин нь давшингуй явцтай буюу цаг хугацаа өнгөрөх тусам шинж тэмдгүүд нь илүү тодорч,  хурдацтайгаар илэрдэг өвчин гэнэ.

Мартамхай болж байгаа нь хөгшрөлттэй холбоотой гэж боддог тул ихэнх хүмүүс эмчид ханддаггүй учир Альцгеймерын өвчнийг тэр бүр эрт илрүүлж, оношилж чаддаггүй аж.
Э. Аянзаяа


Монгол брэнд