Нефть олборлогч Орос улс улаан буудайн зах зээлд давамгайлах болсны учир

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2018-02-07 10:12:00
Олон жилийн турш газрын тосны гол экспортлогчдын нэг байсаар байгаа Орос улс одоо өөр нэгэн чухал түүхий эдийн зах зээлд улам бүр давамгайлах боллоо. Тус улсад улаан буудайн үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд эрс өссөний учир шалтгаан нь юу вэ?
 
Үр тарианы үйлдвэрлэл эрхлэхэд таатай нөхцөл бий болсноор фермийн аж ахуй эрхлэгчдийн ашиг орлого эрс нэмэгдэж, ингэснээр тэд илүү чанартай үр болон орчин үеийн техник худалдан авах боломжтой болжээ.
 
Нефтийн үнэ буурсан нь рублийн ханшид сөргөөр нөлөөлсөн бол харин үр тарианы үйлдвэрлэл нь гадаадын худалдан авагчдын сонирхлыг татсанаар Орос улс улаан буудайн экспортын зах зээлийн нэлээд том сегментийг АНУ зэрэг томоохон нийлүүлэгчдээс салган авч чадлаа. Энэ бол Оросын хувьд тун таатай мэдээ юм. Учир нь, тус улс зарим төрлийн импортын хүнсний бүтээгдэхүүнд хориг тавьсныхаа дараа импортоос хамаарах хамаарлаа багасгахыг хичээж байгаа билээ. Энэ хориг нь Крымыг өөртөө хавсарган нэгтгэсэн Оросыг шийтгэхийн тулд Барууны орнуудын авсан хоригийн эсрэг хариу арга хэмжээ юм.
 
1.    Оросын улаан буудайг хэн худалдан авдаг вэ?
 
Дэлхийн улс орнуудын бараг тал нь Оросоос улаан буудай импортолдог ажээ. Худалдан авагч орнууд төдийлөн холгүй газарт буюу Ойрхи Дорнод, Хойд Африкт оршдог. Гэхдээ Оросын улаан буудай алс холын Мексик, Индонез зэрэг улсуудад ч эрэлт ихтэй байдаг. Гол худалдан авагч болох Египет улс Оросын нийлүүлэлтээс бүрэн хамаардаг бөгөөд хүн амаа Оросын улаан буудайгаар тэжээдэг. Хоёрдахь том худалдан авагч болох Турк улс улаан буудайгаар гурил хийж цааш нь зардаг байна.
 
2.    Оросын улаан буудай худалдан авагчдыг татдагийн учир?
 
Юуны өмнө үнэ хямд учраас. Ургац арвинтай жилүүдэд үнэ бүр ч ихээр буурна. Үнэ хямдрахад нөлөөлсөн өөр нэгэн хүчин зүйл бол Хар тэнгисээр дамжуулан Ойрхи Дорнод, Хойд Африкт хүрэх тээвэрлэлтийн зам нэлээд татуу байдаг явдал юм.
 
Сүүлийн үед ургацын гарц муу байгаагийн улмаас Хойд Америк болон Австралийн үр тариаг Ази дахь уламжлалт худалдан авагчид сонирхох нь багасчээ. Энэ нь зах зээлийн үүд хаалгыг Оросын улаан буудайнд цэлийтэл нээж өглөө.
 
Энэ зууны эхнээс Оросын улаан буудайн экспорт өсч эхэлсэн юм. Өнөөдөр тус улсын тариалангийн талбайд Америкийн Deere & Cо, Германы Claas KGaA компаниудад үйлдвэрлэсэн тракторууд холхилдох болж, үр тариагаа Monsanto Co болон Syngenta AG бордоогоор бордож байна. Төрөөс дэмжлэг үзүүлж буйн ачаар фермерүүдийн хувьд үйлдвэрлэлийн зардал нь гол өрсөлдөгчидтэй нь харьцуулахад 2 дахин бага болсон учраас үнэ уналаа ч гэсэн Орос улсад тариа тарьсаар байгаа юм.

4. Дэлхийн зах зээл дэх Оросын давамгайллын утга учир юунд орших вэ?
 
Урьдчилан таамаглаж байгаагаар, 2017 оны 4 дүгээр улиралд дэлхийн экспортын зах зээлд Оросын эзлэх хэмжээ 18 хувьд хүрэх төлөвтэй байна. Харьцуулахад, 2000 онд эл үзүүлэлт 1 хувь байв. Өнгөрсөн хугацаанд АНУ-ын эзлэх хэмжээ 50 хувиар буурчээ. Орост ургацын хэмжээ нэмэгдсэнээр дэлхийн зах зээлд хэт илүүдэл бий болсон учраас Америкийн фермерүүд өнгөрсөн онд өвөлжих улаан буудайг хамгийн бага хэмжээгээр тарьсан байна. /2000 оноос хойших хугацаанд/. Оросын давамгайлал нь зах зээлд доргилт үүсэхэд хүргэж байна. 2010 онд Орост ган болсны улмаас үр тарианы экспортыг хориглосноос үүднээс үнэ бараг 50 хувиар өсч байсан билээ.    
 
5. Орос улс экспортыг илүү хатуу хянаж чадах уу?

Цаг агаар таатай байх аваас ургацын хэмжээ шинэ дээд амжилт тогтоохоор байна. Гэсэн хэдий ч тус улсын төмөр зам, боомтууд экспортын өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байж магадгүй гэсэн эхний шинж тэмдгүүд илрэх боллоо. Үүний зэрэгцээ Орос улс зарим зах зээлд нэвтрэхэд нэлээд хүнд болжээ. Оросын үр тариа нь Алжир, Саудын Арави зэрэг гол худалдан авагчдын тавьж буй чанарын шаардлагад төдийлөн нийцэхгүй байгаа бол Бразил улсын хувьд хэрэгцээт улаан буудайгаа Өмнөд Америкийн нийтийн зах зээлээс /МЕРКОСУР/ худалдан авах нь хямд тусдаг аж. Оросууд Азийн зах зээлд нэвтрэх гэж оролдож байгаа боловч тээвэрлэлтийн зардал өндөр байгаа учраас их хэмжээгээр нийлүүлэх магадлал маш бага.
 
6. Орос улс бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр экспортын дээд амжилтаа давтаж чадах уу?
 
Хөдөө аж ахуйн салбартаа шинэчлэл хийсэн ч гэсэн Орос улсын хувьд улаан буудайн адилаар эрдэнэшиш, элсэн чихэр, махны дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж байхгүй юм. Тус улс элсэн чихрээр өөрийгөө хангах хэмжээнд хүрсэн боловч үйлдвэрлэлийн өртөг нь дэндүү өндөр байгаа учраас их хэмжээгээр экспортлох боломжгүй. Түүнээс гадна, цагаан элсэн чихрийг чингэлгээр тээвэрлэх хүчин чадал Оросын хувьд дутмаг байгаа юм. Түүнчлэн эрдэнэ шиш нийлүүлэх тал дээр ч гэсэн өрсөлдөх чадвар сул байгаа. Учир нь, тус улсын засгийн газар генийн өөрчлөлттэй таримлын үрийг /ГМО/ суулгахыг хориглож байгаа юм. Гэтэл ийм үрээр тариалалт хийх нь бусад улсад ашиг ихтэй бизнес болж хувирсан байх жишээтэй.  
 
Үүний сацуу, Оросын хөдөө аж ахуйн бүс нутгуудад Африкийн орнуудаас гаралтай гахайн тахал өвчин ихээр гарч байгаагийн улмаас тус улс гахайн махыг их хэмжээгээр экспортлох боломж хумигджээ.   
 
Б.Адъяахүү 

Эх сурвалж: https://www.bloomberg.com/news/articles/2017-11-13/how-an-oil-giant-russia-came-to-dominate-wheat-quicktake-q-a


Холбоотой мэдээ