Майя индианчуудын байгуулсан 60 мянга гаруй байгууламжийг олжээ

Дэлхийн мэдээ | Шинжлэх ухаан
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-07 13:18:46
ГВАТЕМАЛ. /ТАСС/. Битүү ширэнгэн ой дотор байрлах майя индианчуудын соёл иргэншлийн үеийн 60 мянга гаруй барилга байгууламжийг Гватемал улсын хойд нутгийн Петен мужид олж илрүүлжээ.
 
"EFE" агентлагийн мэдээлснийг үзвэл, лазерын радар ашигласны үр дүнд ийм нээлт хийж чадсан байна.
 
Хайгуулд оролцсон археологичдын ярьснаар, өргөн уудам талбай, пирамидууд бүхий хэдэн арван хотууд олдсон аж. “Эдгээр байгууламж нь усалгааны суваг бүхий тариалангийн талбай, ус нөөцлөх сан, өргөн зам зэрэг хүний санаанд багтамжгүй өргөн хүрээнд майя индианчууд бүтээн байгуулалт хийж байжээ” хэмээн судалгаанд оролцсон хүмүүсийн нэг болох Франсиско Эстрада-Белли ярьж байна.
 
Мэргэжилтнүүдийн урьдчилан тооцоолсноор, тухайн нутаг дэвсгэрт 10 сая орчим хүн амьдарч байсан бололтой.
 
Майя индианчуудын соёл иргэншил нь манай эриний 300-900 оны үед ид цэцэглэн хөгжиж байсан бөгөөд Америк тивийг нээх үед уналтад оржээ. Тэдний байгуулсан хот суурингууд одоогийн Белиз, Гондурас, Гватемал, Мексик, Сальвадор улсын нутаг дэвсгэрт байжээ.
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ