top banner

Хятадын цагдаа нар камертай нүдний шил зүүж эхэлжээ


2018-02-08 13:02:51
Зураг
БЭЭЖИН. /Би-Би-Си/. Хятадын цагдаа нар нүүр таних технологиор тоноглогдсон нүдний шил зүүж эхэлжээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, энэхүү нүдний шил нь сэжиг бүхий этгээдүүдийн хувийн мэдээллийг агуулсан өгөгдлийн санд холбогдсон бөгөөд энэ нүдний шилийг зүүснээр цагдаа нар олны дундаас гэмт этгээдүүдийг шуурхай хайж олох боломжтой. Гэхдээ “Ийм технологийг ашиглаж байгаа нь хувь хүний эрхэнд хэт халдсан, засгийн газрын эрх мэдлийг улам бүр өргөжүүлсэн хэрэг” гэж шүүмжлэгчид үзэж байна.

Хятадын эх сурвалжуудын мэдээлснээр, он гарснаас хойш цагдаа нар энэ нүдний шилний тусламжтайгаар долоон сэжигтнийг баривчлаад байгаа аж. Тодруулбал, тус улсын төвийн нутгийн Жөнжоу хотын хөл хөдөлгөөн ихтэй автобусны буудал орчимд цагдаа нар энэ шилийг зүүж, хүний наймааны хэргийн долоон сэжигтнийг баривчилжээ. Мөн хуурамч үнэмлэх ашиглаж байсан 26 хүнийг энэ шилний тусламжтайгаар илрүүлсэн гэнэ.

Түүнчлэн энэ технологиор сэжиг бүхий этгээдийн зургийг авч, өгөгдлийн санд буй зургуудтайгаа харьцуулах харах боломжийг цагдаа нарт олгожээ. Хэрвээ сэжигтний нэр, хаяг зэрэг мэдээлэл нь таарч байвал цагдаа нар тухайн этгээдийг шууд баривчилж болох аж. Хятадын эрх баригчид засгийн газрыг шүүмжлэгчдийг мөрдөж мөшгиж, баривчилахдаа энэ нүдний шилийг ашиглаж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.
 
Хятад нь нүүр таних технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд “Ийм технологи өдрөөс өдөрт боловсронгуй болсоор байхад ямар нэгэн гэмт хэрэг үйлдээд зугтана гэдэг бараг боломжгүй хэрэг” гэж иргэддээ байнга анхааруулдаг гэнэ.

Тус улс нь хяналтын камер суурилуулалтаараа мөн дэлхийд тэргүүлж байна. Одоогоор тус улс ойролцоогоор 170 сая хяналтын камер суурилуулаад байгаа бөгөөд ирэх гурван жилийн хугацаанд 400 саяыг нэмж суурилуулахаар төлөвлөжээ. Суурилуулаад буй хяналтын камеруудын олонхи нь нүүр таних технологи зэрэг хиймэл оюун ухаантай гэнэ.

Г.Доржханд
 


Монгол брэнд