top banner

Хөдөө аж ахуйн салбарын аймгийн аваргууд тодорлоо


2018-02-08 14:24:59
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Алтан унжлагат” гал тахиа жилд мал сүргээ тогтвортой өсгөн үржүүлж, нийгмийн хариуцлагын ажил үүргээ идэвх санаачилгатай хэрэгжүүлсэн 70 хүнийг “Аймгийн аварга малчин”, таван хүнийг “Аймгийн манлай малчин” цолоор шагнаж байна.
Өвөрхангай аймаг 2017 оны эцсээр 5 сая 734 мянган мал тоолуулж, улсдаа тэргүүлэхийн зэрэгцээ малчин өрхийн тоо 16 мянга гарч, жил бүр нэмэгдэж байгаа нь аварга малчдыг олноор төрүүлэх үндэслэл болж байгаа ч нөгөөтэйгүүр ургамал ногоо тарчиг зуны халуун ган, цас шуурга ихтэй өвлийн өлчир хүйтэнд халуун хошуут малынхаа төлөө олон бэрхшээлийг туулж явдаг малчдаа урамшуулах бодлого барьж байгаа гэдгийг аймгийн ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжир хэлж байв. Ялангуяа малчдын залуу халаа ховордож, эмэгтэй хүн мал аж ахуйн салбарт тасарч байгаа учраас залуу малчин, саальчныг урамшуулан шалгаруулах нь зүйтэй хэмээн үзэж, “Аймгийн аварга саальчин”-аар тав хүртэлх эмэгтэйг шалгаруулах бодлого барьжээ.
Энэ жил “Аймгийн аварга саальчин”-аар Бат-Өлзий сумын иргэн Д.Тогоо, Өлзийт сумын иргэн Ц.Хорлоо, Богд сумын иргэн А.Урангоо нар шалгарсан бол “Аймгийн манлай малчин”-аар Бат-Өлзий сумын малчин Ж.Пүрэвээ 460 толгой үхэр сүргээрээ, Хархорин сумын малчин П.Отгонсүх 623 толгой адуун сүргээрээ, Баруунбаян-Улаан сумын малчин Н.Бямбадорж 627 толгой тэмээн сүргээрээ, Сант сумын малчин Ч.Болоож 2777 толгойн хонин сүргээрээ, Богд сумын малчин Д.Бат-Өлзий 2119 толгой ямаан сүргээрээ тус тус шалгарчээ. “Аймгийн аварга малчин”-аар сум бүрээс 3-5 малчинг шалгаруулж, шагналыг өнөөдрөөс гардуулж эхлээд байна. Аварга малчинд 400 мянган төгрөг, батламж, үндэсний агар хувин, эхнэр нөхөр тус бүрийг энгэрийн тэмдэгээр мялаах юм. Мөн “Аймгийн аварга тариаланч”-аар Арвайхээр сумын тариаланч Н.Бадамханд шалгарлаа.
Б.Батчимэг

Монгол брэнд