top banner

Дауны синдромтой хүүхэд Америкийн брэндийн нүүр царай болжээ


2018-02-09 13:04:33
Зураг
ВАШИНГТОН. /Си-Эн-Эн/. Дауны хам шинж буюу хромосомын түвшинд гарсан өөрчлөлтийн улмаас биеийн болоод оюун ухааны хөгжлийн сааталтай төрсөн хүү Америкийн хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүн болон бусад нэмэлт тэжээл үйлдвэрлэгч “Гербер” /Gerber/ компанийн энэ оны нүүр царай болжээ.

“Си-Эн-Эн” телевизийн мэдээлснээр, АНУ-ын Жоржиа муж улсын оршин суугч 18 сартай Лукас Уоррен хэмээх хүү нь дэлхийн түүхэнд брэндийн нүүр царай болсон Дауны хам шинжтэй анхны хүүхэд болж байна. “Герберийн хүүхэд” болсон түүний зургийг тус компани энэ онд дотоод болон гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ сурталчлахдаа ашиглах аж.

“Гербер” компаниас гаргасан мэдэгдэлд “Бид түүнийг 140 мянга гаруй хүүхдээс сонгосон. Дауны хам шинжтэй хүүхдүүдийг, хүмүүсийг нийгэмд хүлээн зөвшөөрүүлэхэд бидний сонголт тус болно гэж найдаж байна” гэжээ.

Брэндийнхээ нүүр царайгаар  Дауны хам шинжтэй хүүхдийг сонгосон “Гербер” компанийг нийгмийн сүлжээ хэрэглэгчид, тэдний дотор ийм төрөлхийн эмгэгтэй хүмүүсийн ар гэрийнхэн ихэд магтан сайшааж байна.

Дауны синдром буюу Дауны хам шинж нь 21 дэх хромсом хос биш, гурав болж хуваагдсанаар үүсдэг удамшлын санамсаргүй гажуудал юм. Дауны синдром нь өвөрмөц онцгой царай төрх болон оюун ухааны удаан хөгжлөөр илэрдэг. Жон Лэнгдон Хэйдон Даун гэдэг Их Британийн физикч төрөлхийн ургийн гажигтай хүмүүсийг судалж,  өвчний оношийг тогтоон “Дауны синдром” гэж өөрийн нэрээрээ нэрлэсэн түүхтэй.
 
Г.Доржханд


Монгол брэнд