top banner

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийг Пхеньянд айлчлахыг урив


2018-02-10 15:06:07
Зураг
СӨҮЛ. /Ёнхап/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг “аль болох ойрын хугацаанд” Пхеньянд айлчлахыг урьсан тухай Хөх ордон мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжлав.

“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцохоор Өмнөд Солонгост хүрэлцэн ирсэн Умард Солонгосын өндөр дээд түвшний төлөөлөгчдийг Мүн Жэ Ин өнөөдөр Хөх ордонд хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр төлөөлөгчдийн нэг болох Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны дүү Ким Ёо Жон айлчлалын урилгыг Мүн Жэ Инд дамжуулан өгсөн байна. Ким Ёо Жон нь Умард Солонгосын удирдагчийн “тусгай төлөөлөгч”-ийн хувиар Өмнөд Солонгост ирснээ уулзалтын үеэр мэдэгдсэн гэнэ.

Харин Мүн Жэ Ин хэлэхдээ “Нөхцөл байдал бүрдвэл Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтыг хийж болно. Бид хоёр талын дээд хэмжээний уулзалт хийх нөхцөл байдлыг бүрдүүлэхийн төлөө цаашид хамтран ажиллана гэдэгт найдаж байна” гэжээ. Тэрбээр цааш нь ярихдаа “Пхеньян АНУ-тай ч гэсэн яриа хэлэлцээ хийж эхлэх хэрэгтэй. АНУ болон Умард Солонгос яриа хэлэлцээ хийж эхлэх нь хоёр Солонгосын харилцаа сайжрах нэг боломж юм”  гэсэн байна.

Хэрвээ Мүн Жэ Ин Умард Солонгосын удирдагчтай дээд хэмжлээний уулзалт хийвэл энэ нь хоёр Солонгос хоорондын гурав дахь, 2007 оны 10 дугаар сараас хойших анхны дээд хэмжээний уулзалт болно.
 

Г.Доржханд
 


Сурталчилгаа
Монгол брэнд