top banner

Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнэт” шинжлэх ухаан, технологийн паркийн үйл ажиллагаатай танилцлаа


2018-02-11 17:36:22
Зураг
Орхон/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр буюу энэ сарын 11-ний өдөр  “Эрдэнэт” шинжлэх ухаан, технологийн парк ОНӨҮГ-ийн дэргэдэх гагнуурын электродын үйлдвэр, “Хүний экологийн төв”–ийн үйл ажиллагаатай танилцлаа. Уг парк өнгөрсөн оны 10 дугаар сараас  гагнуурын электрод үйлдвэрлэж эхэлсэн юм. Өдөрт 10 тонн  гагнуурын электрод үйлдвэрлэх хүчин чадалтай уг үйлдвэрт 4-5 хүн тогтмол ажиллаж байна.
Монгол Улс гагнуурын электродоо 100 хувь импортоор авдаг. Энэ хэрэгцээг бүрэн хангах үндэсний үйлдвэр ийнхүү Орхон аймагт ажиллаж байгаад Ерөнхийлөгч Х.Баттулга талархаж тулгамдаж буй асуудал болон зах зээлд борлуулах тооцоо, судалгааг сонирхож байлаа. Тус парк өнөөдрийн байдлаар Дархан –Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д электрод нийлүүлэх санал тавиад байгаа гэнэ. Монгол Улсад худалдаалагдаж буй гагнуурын электродын дийлэнх нь БНХАУ, ОХУ-аас орж ирдэг. Тэгвэл “Эрдэнэт” ШУТП-ийн үйлдвэрлэж буй электрод нь АНУ-ын Үндэсний Стандартын байгууллага, Электрод үйлдвэрлэгчдийн холбооны техникийн шаардлагад бүрэн нийцсэн гэнэ.  Өөрөөр хэлбэл, ганг цахилгаан нуман аргаар гагнах онцгой чанаржуулсан электрод гэж тус паркийн захирал, Ph.D Г.Энхбаяр хэллээ.

Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлбэл Монгол Улсын  хэрэгцээг бүрэн хангах боломжтой гэдгийг аймгийн Засаг дарга Д.Батлут онцолсон юм. 
“Хүний экологийн төв” нь хүрээлэн буй орчин болон хүний биед сөргөөр нөлөөлж буй хүнд металл, металл бус химийн элементийг тодорхойлох юм. Ингэхдээ хүний үс, шүлс, цус, шээснээс шинжилгээ авч ямар төрлийн элемент давамгайлж байгааг судалж үүнийг саармагжуулахад анхаарах ажээ. Өөрөөр хэлбэл, уул, уурхайн дагасан хотын хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй химийн элементийг илрүүлэх юм. Хүнд металл хүний биед ороод найман жилийн дараа өвчлүүлж эцэст нь эд эрхтэний аль нэг хэсэгт наалдаж хорт хавдар болдог тул “Хүний экологийн төв” нь хүн амын эрүүл мэндийн хамгаалах гол ач холбогдолтой гэж тус паркийн дэд захирал Х.Батсайхан хэллээ.
 
Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх байгууллагын үйл ажиллагаатай танилцсаны дараа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Засвар, механикийн заводоор ороод Булган аймаг руу хөдөллөө.
 
Б.Оюун-Эрдэнэ
 
 







 


Монгол брэнд