top banner

Тэргүүний малчдыг алдаршуулав


2018-02-12 14:16:39
Баянхонгор /МОНЦАМЭ/. Улсын Аварга малчин 10, Улсын Аварга саальчин хоёр, аймгийн хошой аварга малчин нэг, аймгийн аварга малчин 69, аварга саальчин гурав, Тэргүүний тариаланч тав, шилдэг хот айл 15, бэлчээрийн шилдэг менежменттэй сумаар Баянбулаг сум шалгарсан зэргээр Баянхонгор аймгийн ХАА салбар бахдам амжилттайгаар нохой жилтэйгээ учран золгож байна.
ХАА-н салбарт манлайлсан эдгээр малчин нэг бүрээ алдаршуулах, тэднийхээ арга барилаас залуу малчдадаа суралцуулах зорилгоор Тэргүүний малчдын малчдын зөвлөлгөөнийг Баянхонгор аймаг зохион байгууллаа. Тус зөвлөлгөөнд Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд болон бусад албаны төлөөлөл, шилдэг тэргүүний малчид, тариаланч нар оролцсон юм.
Зөвлөлгөөнийг аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр нээж үг хэлэхдээ, "Баянхонгор аймгийнхаа газар шороо, байгаль дэлхий, эд эс бүхэнтэй хамгийн ойр байдаг малчин түмэндээ талархалаа илэрхийлээд, тэргүүний малчдынхаа арга туршлагыг дэмжиж, цаашид дэлгэрүүлэх, бэлчээрийг зөв зохистой хэлбэрээр ашиглах тал дээр аймаг орон нутаг гол анхаарлаа тавьж ажиллах болно" гэдгээ онцлов. Мөн малын эрүүл мэндийг сайжруулах, малчдын нийгмийн асуудлыг дэмжиж шийдвэрлэх тал дээр төрөөс ямар бодлогоор хэрхэн ажиллаж байгаа талаар энэ үеэр УИХ-ын гишүүд мэдээлэл хийж, сонирхсон асуултад хариулсан.
Мөн үеэр улирч буй тахиа жилийн ажил бүтээлээрээ шалгарсан Хөдөлмөрийн аваргууд сар шинийн босгон дээр аймгийн удирдлагуудаас шагналаа гардаж авлаа. Салбар бүрийн төлөөлөл болох шилдэг 29 хүнийг энэ жил хөдөлмөрийн аваргаар алдаршуулсан юм.

                                                                                                                        Б.Мөнхзул


Монгол брэнд