"Бүргэдийн баяр" арга хэмжээ ирэх сарын 4,5-нд болно

Монголын мэдээ | Соёл урлаг
ariunbold@montsame.mn
2018-02-12 15:38:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндэстний цөөнх болсон Казах түмний бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх зорилго бүхий "Бүргэдийн баяр" арга хэмжээ ирэх сарын 4,5-нд “Чингис Хааны Хүрээ” жуулчны баазад болно.

Бүргэдээр ан хийх уламжлалыг төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн гэж үздэг бөгөөд энэхүү уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Тиймээс баялаг түүхтэй энэ арга хэмжээг дэлхий дахинд сурталчилж, Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Бүргэдийн баяр” арга хэмжээг жилд хоёр удаа буюу намар Баян-Өлгий аймагт, хавар Улаанбаатар хот орчимд үохион байгуулдаг уламжлалтай юм.

Баярын хүрэнд хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой оролцогчийг шалгаруулах, бүргэдийн ан хийх чадвар сорих юм. Өмнө нь амьд амьтан бариулж бүргэдийн ан хийх чадварыг сорьдог байсан бол жуулчид хүсэлт гаргасны улмаас амьтны дүрс бүхий хиймэл зүйл бариулдаг болжээ. Мөн арга хэмжээний үеэр Көкпар буюу тулам булаацалдах, газраас зоос шүүрэх зэрэг Казах ардын уламжлалт тоглоомуудыг сонирхох боломжтой юм.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ