top banner

Н.Зориг: Энэ онд 100 мянган автомашины гэрлийн тусгалыг өөрчилнө


2018-02-12 16:32:28
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баруун гар талдаа буюу буруу талдаа жолооны хүрдтэй автомашины гэрлийн тусгалыг өөрчлөх ажил өнөөдрөөс албан ёсоор эхэллээ. Энэ талаар Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвийн дарга Н.Зоригоос тодруулав.

-Буруу талдаа жолооны хүрдтэй автомашины гэрлийн тусгалыг өөрчлөх шалтгаан нь юу байв?

-Сүүлийн жилүүдэд Монгол улсад баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл ихээр орж ирэх болсон. Энэ төрлийн автомашины гэрэл эсрэг урсгалаас ирж байгаа тээврийн хэрэгслийн жолоочийн нүдийг гялбуулдаг. Өөрөөр хэлбэл, эсрэг урсгалын жолоочийн нүд рүү шууд тусдаг гэсэн үг.  Үүнээс үүдэн шөнийн цагаар орон нутгийн замд осол гарах магадлал нэмэгддэг. НҮБ-аас автомашины гэрлийн тохиргоог өөрчилж болно гэсэн техникийн зохицуулалт гарсан байдаг. Тиймээс иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс энэхүү ажлыг эхлүүлж байгаа юм.

-Монгол Улсад баруун талдаа жолооны хүрдтэй автомашин олон байдаг уу?

-Улсын хэмжээнд 810 мянган автомашин бүртгэлтэй байгаагаас 600 мянга гаруй нь замын хөдөлгөөнд тогтмол оролцож  байна. Тогтмол оролцож буй автомашины 50.4 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй байгаа юм.

-Энэ онд хэдэн автомашины гэрлийн тусгалыг өөрчлөх вэ?

-2018 онд 100 мянган тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчилнө. Үлдсэн тээврийн хэрэгслүүдийн гэрлийн тусгалыг өөрчлөх асуудлыг жил жилээр төлөвлөн хэрэгжүүлнэ. Иргэд энэ тохиргоог жил бүр хийнэ гэж ойлгоод байна. Тийм биш. Энэ тохиргоог нэг л удаа хийх юм. Ингэснээр тухайн жолоочийн амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгийг хамгаалах зорилготой юм. Мөн тухайн тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчилсөн тухай мэдээллийг автомашины цонхон дээр наана.

-Шинээр хилээр орж ирэх автомашины гэрлийн тусгалыг хэрхэн өөрчлөх вэ?

-Тухайн автомашиныг худалдаж авсан хүн улсын дугаар авах үед нь гэрлийн тусгалыг өөрчилнө.

-Жолоочоос зардал гарах уу?

-Нэг жолоочоос 1650 төгрөг гарна. Үүнийг Авто тээврийн үндэсний төв /АТҮТ/ гэрлийг өөрчлөх тоног төхөөрөмж худалдаж авах болон инженер, техникийн ажилтнуудын цалин хөлс зэрэгт зарцуулах юм.

-Энэ ажилд төсвөөс хэдэн төгрөг зарцуулах вэ?

-АТҮТ-ийн төсвөөс 229 сая төгрөг зарцуулсан.

-Гэрлийн тохиргоог өөрчлөх бэлдэцийг хаана үйлдвэрлэж байгаа вэ?

-Тендерт Монголын “Ном хур” компани шалгарсан. Бидний боловсруулсан стандартын дагуу одоогоор 100 мянган тээврийн хэрэгслийн гэрэл өөрчлөх бэлдэц нийлүүлсэн.

-Автомашины гэрлийн тусгалыг өөрчлөх хүсэлтэй иргэд хаана хандах вэ?

-Өөрийн оршин сууж буй аймаг, дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвд хандана.

-Монгол Улсад гарч буй зам тээврийн ослын хэдэн хувь гэрлийн тусгалаас үүдэлтэй байна вэ?

­-Зам тээврийн ослын дийлэнх нь шөнийн цагаар гарсан байна. Үүний 76 хувийг буруу талдаа жолооны хүрдтэй автомашин эзэлж байгаа гэсэн судалгааг Замын цагдаагийн албанаас гаргасан. ЗТХЯ-наас 2018 оныг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил болгон зарласан. Энэ зорилтыг биелүүлэх нэгэн боломж нь өнөөдөр эхлүүлж буй гэрлийн тусгал өөрчлөх ажил юм.

Ч.Ариунболд

Сурталчилгаа
Монгол брэнд