top banner

Ангела Меркель дөрөв дэх удаагаа засгийн газрын тэргүүнээр ажиллах гэж байна


2018-02-12 18:05:38
Зураг
Берлин /ТАСС/. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель ням гарагт телевизийн ZDF сувагт өгсөн ярилцлагадаа Засгийн газрын тэргүүнээр дөрөв дэх удаагаа улиран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгджээ.

“Би амлалтаа биелүүлдэг хүмүүсийн тоонд багтдаг” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. Меркель Христосын Ардчилсан Холбоо намын даргын үүрэгт ажлаа ч  үргэлжлүүлэн хашихаар төлөвлөж байгаа ажээ.
Христосын Ардчилсан Холбоо нам их эвслийн гэрээний хүрээнд Сангийн сайдын албан тушаалыг Социал-демократ намд найр тавин өгөхөөр болсон тухай нийтэд зарласнаас хойш хатагтай канцлерыг намын нөхөд нь хатуу шүүмжилж, үүнийг тохиромжгүй буулт хэмээн үзэж байгаа билээ.

Эвслийн гэрээг социал-демократууд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хатагтай канцлерын дөрөв дэх бүрэн эрхийн хугацаа албан ёсоор эхлэж, 2021 он хүртэл үргэлжлэх юм.

ХБНГУ-ын Сангийн яамыг социал-демократуудад өгөх тухай шийдвэрийг зөв гэж үзэж байгаагаа Ангела Меркель илэрхийлжээ. “Сангийн яамны асуудал шийдвэрлэхэд хүндхэн байсан. Хэрвээ ийм шийдвэрт хүрээгүй бол “эвслийн гэрээг хэлэлцэн тохирсон ч яамдыг хуваарилах асуудлаар тохиролцож чадсангүй” гэсэн тайлбарыг олон нийтэд хэлэх сонголт л үлдээд байсан юм. Тэгвэл маш хариуцлагагүй явдал болох байсан гэж би үзэж байна” хэмээн Засгийн газрын тэргүүн онцлон тэмдэглэсэн байна.

Эвслийн гэрээний нөхцөлүүдийг тохиролцох үеэр сайд нарын албан тушаалыг хуваарилах асуудлаар 12 цаг хуралдсан байна.
Б.Амарсайхан
 


Сурталчилгаа
Монгол брэнд