top banner

Энэ оныг “Хүүхдийн эсрэг зөрчил, гэмт хэргийг бууруулах жил” болгон зарлав


2018-02-13 12:27:28
Зураг
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2018 оныг “Хүүхдийн эсрэг зөрчил, гэмт хэргийг бууруулах жил” болгон зарлаж, аймгийн холбогдох байгууллагын саналыг үндэслэн боловсруулсан хэрэгжүүлэх арга хэмжээний зорилт, төлөвлөгөөг танилцуулах нээлтийн үйл ажиллагааг Прокурорын газартай хамтран зохион явууллаа.

“Хүүхдийн эсрэг зөрчил, гэмт хэргийг бууруулах жил” болгон зарлах тухай санал санаачилгыг Архангай аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Прокурорын газар, ДЗМОУБ-ын Архангай-1, 2 ОНХХ-өөс хамтран зохион байгуулсан “Хүүхдийн эрх, хамгаалалд-үүрэг хүлээгчдийн оролцоо” сэдэвт зөвлөлгөөний төлөөлөгчид гаргасан юм. 

Аймгийн Прокурорын газраас хүүхэд хохирч, холбогдсон гэмт хэргийн гаралтыг 2016, 2017 онуудын байдлаар гаргасан байдаг байна. Дээрх онуудад нийт үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 1120, үүнээс насанд хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэрэг 23 буюу 2 хувь, насанд хүрээгүй хүн хохирсон гэмт хэрэг 11 буюу 0.9 хувь байна. Гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдийн боловсролын байдал нь ерөнхий боловсролын сургуулийн сурагч 14 буюу 47 хувь, бүрэн бус дунд боловсролтой 10 хүүхэд буюу 33 хувь, болосролгүй 4, оюутан 2 тус тус хэрэг үйлдсэн байна. Хүүхдүүд ихэнхдээ хулгайн хэрэг үйлддэг нь судалгаагаар гарчээ.

Б.Гэрэлт-Од

Монгол брэнд