top banner

Голландын тамирчныг дунд хуруугаа гаргасан хэмээн буруутгаж байна


2018-02-13 12:48:05
Зураг
МОСКВА. /ТАСС/. “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 1500 м-ийн шорт-трек буюу богино зайн тойргийн тэшүүрийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Голландын тамирчин Шинки Кнегтийг бэлэг дурсгалын зүйл, цэцэг гардуулах ёслолын үеэр дунд хуруугаа гаргасан хэмээн буруутгаж байна гэж Өмнөд Солонгосын “The Korea Times” сонин мэдээлэв.
 
Энэ төрөлд зохион байгуулагч орны тамирчин Лим  Хё Жүн 2 минут 10 секундэд барианд орсноор олимпийн аварга болсон билээ. Тэрбээр анх удаагаа олимпийн тоглолтод оролцоод, эх орондоо алтан медаль авчирсан юм. Харин гуравдугаар байрт Олон улсын олимпийн хорооны далбаан дор Пёнчаны олимпод оролцож буй Оросын тамирчин Семен Елистратов орсон юм.
 
Тэмцээний дараа бэлэг дурсгалын зүйл, цэцэг гардуулах ёслол болсон бөгөөд энэ үеэр авахуулсан гэрэл зурагт Шинки Кнегтийн гартаа тоглоом бариад дунд хуруугаа гозойлгосон дүрс буусан байжээ. Өмнөд Солонгосчууд үүнийг өрсөлдөгчөө үл хүндэтгэсэн, доромжилсон хэрэг гэж үзэж байна.  
 
Энэ талаар Ш.Кнегт тайлбарлахдаа “Энэ үеэр дунд хуруугаа гаргасан юм шиг харагдаж байна. Гэсэн хэдий ч би зориуд ингээгүй. Зүгээр л гартаа тоглоом барьж байсан” гэжээ.
 
Гэсэн хэдий ч түүний энэ үйлдэл нь анхны тохиолдол биш юм. Өмнө нь тэрбээр 2014 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд ялсан Оросын тамирчин Виктор Анд дунд хуруугаа үзүүлснээс болж хүрэл медалиа хураалгаж байсан аж. 
Э.Аянзаяа 

Сурталчилгаа
Монгол брэнд