top banner

Рохинжачуудыг хөнөөсөн хэргээр 16 хүнийг баривчилжээ


2018-02-13 13:40:53
Зураг
НЕЙПЬИДО. /Эн-Эйч-Кэй/.  Мьянмарын үндэстний цөөнх болох лалын шашинт рохинжачуудыг хөнөөсөн хэргээр 16 хүн, тэдний дотор аюулаас хамгаалах хүчнийхнийг баривчилснаа тус улсын Засгийн газар мэдэгджээ.

“Эн-Эйч-Кэй” телевизийн мэдээлснээр, өнгөрсөн зун болсон рохинжа босогчидтой тэмцэх ажиллагааны үеэр баривчлан саатуулсан 10 хүнийг хөнөөж, цогцсыг нь нууж булсан хэргээр цагдаа, цэрэг болон буддын шашинт оршин суугчид нийлсэн 16 хүнийг баривчилсан гэж Мьянмарын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч даваа гарагт мэдэгджээ.

Үүнтэй холбогдуулан Мьянмарын цэргийнхэн мэдэгдэл хийхдээ “Баривчлагдсан хүмүүс босогчид байсан” гэжээ.

Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхэн хүний эрхийг ноцтой зөрчиж, зэрлэг балмад үйлдэл хийсэн гэх хэргийг шалгах тусгай ажлын хэсэг байгуулахыг НҮБ-д АНУ тэргүүтэй бусад улс орон уриалж байна.

Өнгөрсөн зун Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхэн рохинжа босогчидтой тэмцэх ажиллагаа явуулсны улмаас 650 мянга гаруй энгийн номхон рохинжа хүн хөрш Бангладеш руу дүрвэсэн юм. Энэ ажиллагааны үеэр аюулаас хамгаалах хүчнийхэн рохинжачуудыг тамлан зовоож, хөнөөсөн гэх мэдээлэл өнгөрсөн зун олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр удаа дараа гарч байсан билээ.

Г.Доржханд

Монгол брэнд