top banner

ХЭҮК-ын удирдлагууд хорих ангиудад ажиллав


2018-02-13 17:07:13
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын дарга Ж.Бямбадорж, тус комиссын гишүүн П.Оюунчимэг нар 409 дүгээр хаалттай хорих ангийн үйлдвэрийн болон хоригдлын шинэ байр, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн сүрьеэгийн эмнэлгийн шинэ байруудтай өнөөдөр танилцлаа.

409 дүгээр хаалттай хорих ангийн үйлдвэрийн болон хоригдлын шинэ байр нь олон улсын хорих байгууллагын жишиг стандартад нийцсэн “А”, “Б”, “В”, “Ж” блок, “Нэг цэгийн үйлчилгээ бүхий шалган нэвтрүүлэх байр”, үйлдвэр, цех, алба хаагчдын ажлын өрөө, цайны газар, алба хаагчдын хувцас солих өрөө, төвлөрсөн агуулах бүхий 27000 мкв талбай, 4 давхар барилга юм.  429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн сүрьеэгийн эмнэлгийн шинэ барилгыг 1 тэрбум 335 сая төгрөгөөр барьж ашиглалтад оруулсан бөгөөд 100  ор, алба хаагчдын өрөө, цайны газартай аж.

Энэ үеэр ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, “Монгол Улсын цагдан хорих байрнууд болон хоригдлуудын амьдралын орчин нөхцөл эрс шинэчлэгдэж байгаа. Үүний нэг жишээ нь үйлдвэр болон эмнэлгийн барилга юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүний эрхийг хангах чиглэлээр тэр дундаа хорих анги, цагдан хорих байрнуудын орчин нөхцөлийг сайжруулах, хүний жам ёсны эрхийг хангах, алба хаагчдын аюулгүй байдал, ажиллах тав тухтай орчныг бүрдүүлэх чиглэлээр бодитой томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна” гэлээ.
Ч.Ариунболд

Сурталчилгаа
Монгол брэнд