top banner

Пак Гын Хэгийн дотны найз Чой Сун Сильд 20 жилийн ял оноожээ


2018-02-13 18:55:11
Зураг
МОСКВА. /Би-Би-Си/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн эмэгтэй найз Цой Сун Сильд авлига болон улс орны төрийн үйл хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэргээр тус улсын шүүх 20 жилийн хорих ял оноожээ. Түүнд мөн 18 тэрбум вон буюу ойролцоогоор 16,6 сая ам.долларын торгууль ногдуулсан байна.

Пак Гын Хэ болон түүний найз Чой Сун Силь нарыг тойрсон авлигын дуулиан шуугианы улмаас Өмнөд Солонгос даяар Пакийг огцруулахыг шаардсан жагсаал цуглаан болж байсан билээ. Авлигын хэрэгт орооцолдон нэр хүнд нь унасан Пакийг ерөнхийлөгчийн суудлаас буулгах шийдвэрийг өнгөрсөн оны гуравдугаар сард тус улсын Үндсэн хуулийн шүүх гаргасан юм. Харин Чой Сун Сильд албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр өнгөрсөн оны 6 дугаар сард 3 жилийн хорих ял оноож байсан юм.

Сэтгүүлчид нэгэн зочид буудлын хогийн савнаас нууц баримт бичигтэй планшетийг олсноос хойш Пак Гын Хэ болон түүний найз Чой Сун Силь нарыг тойрсон дуулиан шуугиан дэгдэж эхэлсэн юм. Нууц баримт бичгүүдэд мөн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн хэлэх үг байсан аж. 
Э.Аянзаяа 

Сурталчилгаа
Монгол брэнд