top banner

Гандангийн гал тогоогоор


2018-02-13 19:01:13
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол түмний уламжлалт сар шинийн баяр тохиоход ердөө 3 хоног үлдлээ. Айл бүр буузаа чимхэж, ууцаа чанан, зочин гийчнийхээ гар цайлгах бэлэг сэлтээ базааж Их хотын хөл хөдөлгөөн ч эрс нэмэгдэв. Эдгээр өдрүүдэд  иргэд олон түмний дунд "гандангийн шар тостой боов" хэмээн алдаршсан идээний ул боов эрэлт хэрэгцээ ихтэй ч ховор барааны нэг байв.
Тэрхүү олдоц багатай шар тос ханхийсэн боовыг хэрхэн хийдэг талаар сонирхон Гандангийн гал тогоог зорьж Их зам буюу /ахлах тогооч/, Үйлчилгээний гавъяат ажилтан Ё.Ядамсүрэн гуайтай уулзав. Мөн дашрамд нь лам нарын манз цавыг хэрхэн бэлтгэдэг талаар ч сонирхоод авлаа. 


-Гандантэгчэнлин хийд жил жилийн Сар шинийн баяраар нэлээн ачаалал ихтэй байдаг. Хичнээн боов хийдэг вэ, нүсэр ажил болдог байх даа?

-Манай Гандэнтэгчэнлин хийд 8 дацан, хоёр дуганатай. Үүнд 700 гаруй лам хуварга  шавилан суудаг.
Сар шинийг угтаж өвлийн адаг сарын 25-наас Битүүний өдрийг хүртэл лам хуваргууд ном хурдаг. Мөн шинийн 15-ныг хүртэл Ерөөлийн 15 хоногт ном хурна. Энэ бүгдэд зориулж зөвхөн Гандантэгчэнлин хийдийн дотоод хэрэгцээнд 10 мянган хэвийн боов шаардлагатай. Мөн төрийн өндөрлөгүүдэд болон Сар шинийн баярын бөхийн барилдаанд идээ шүүс бэлтгэж явуулдаг. 

-Сүсэгтэн олон Гандангийн боов гээд л хошуурдаг хэдий хэрийг хийж  борлуулдаг вэ?

-Жил жилд өөр. Өнгөрсөн жил  70 мянга орчим хэвийн боов хийснээс 10 мянгыг нь дотоод хэрэгцээндээ ашиглаж байлаа. Энэ жилийн хувьд ул боов хийхэд тохиромжтой ширхэгтэй гурилын олдоц ховор байснаас иргэдэд борлуулах боовны тоо цөөрсөн.

-Танай хэвийн боов бусдад үйлдвэрийнхээс юугаараа ялгардаг вэ, баярын өмнөх өдрүүдэд  танай үүдэнд дугаарлан зогсох нь ихэсдэг? 
-Манайх хэвийн боовоо цэвэр шар тосоор багсарч бага зэрэг  элсэн чихрээр амталдаг. Ямар ч хуршсан элдэв амт ороогүй цэвэр шар тосонд чанадаг. Үүгээрээ л ялгаатай. Амт  сайтай байдгаас гадна удаан хугацаанд хадгалахад хатуурч хүн даахын аргагүй болдоггүй. Шаргалтсан бутарч унасан сайхан боов болдог. 100 хэвийн боов хийхэд 100 кг гурил, 11 кг шар тос, 12 кг элсэн чихэр орно шүү дээ.

-Танай гал тогоонд байгаа нүсэр том том тогоо нэлээн эртний эдлэл шиг харагдаж байна?
-Энэ тогоонууд их эртнийх л дээ. 1903 онд хийсэн тогоо ч байна. Ер нь ардын хувьсгалаас өмнө захиалж хийлгэсэн тогоо юм билээ. Олон жил үе үеийн ламтан, гэгээнтний манз, цав хийсэн, авшиг буян нь  оршиж шүншиг  шингэсэн сайхан эд дээ. 



-Монголд орж ирсэн цаг хугацааг дэлгэрэнгүй тайлбарлавал?

-Өвөр Монголын Хөх хотод бүтээсэн дөрвөн хүрэл, нэг зэс тогоо байгаа юм. Хамгийн том нь 600 литр. Тэгээд 200, 140, 100 литрийн тогоо байна. Хамгийн жижиг нь 80 литрийн багтаамжтай. Мөн хоёр литрийн шанага ашигладаг. Тогоо бүр дээр Монгол, Хятад болон Түвд үсгээр тайлбар бичсэн байгаа.
Хамгийн эртний тогооны бөөрөн дээр “Өвөр Монголын Зайсан Ёндонпил, нярав Даш нарын захиалгаар манзны зориулалтаар Манжийн бадрангуй төрийн 28 онд бүтээв” гэсэн байдаг. Манжийн бадрангуй төрийн 28 он гэдэг нь 1903 он болж таарч байгаа юм. Бусад тогоо нь 1916, 1919 онд харьяалагддаг. 

-Нэг хэсэг Гандангийн  хэвийн боов бохир, лам нар нь бараг гутлаа тайлаад хөлөөрөө нухдаг гэж цуурдаг байсныг санаж байна ?

-Дээр үед модон тэвшинд гурилаа зуурдаг. Бүр хүрзээр зуурч байсан юм билээ.  Одоо бол нэг удаад 50 кг гурил зуурах хүчин чадалтай машинтай. Мөн том ширмэн тогоонд, галлаж  хэвийн боовоо чанадаг байсан бол одоо орчин үеийн тогоонд хий ашиглаж чанаж байна. Мод, нүүрс түлэх асуудал ард хоцорсон. Гэхдээ л миний ажиглалтаар бол түлээ түлж хийсэн хоол амтны хувьд үнэхээр сайхан болдог. Хийгээр хийсэн хоол амтны хувьд арай л гүйцэхгүй байх шиг санагддаг. 

-Сүсэгтэн олон танай хийдэд шар тосноос эхлээд нэлээн өргөл барьц өргөдөг байх. Шар тосоо худалдаж авдаг уу, хүмүүсийн өглөг буянаар цугладаг уу?
-Архангай, Хөвсгөл, Өвөрхангай болон Баянхонгор зэрэг сарлагтай аймгуудтай гэрээ хийж, шар тосоо авдаг. Тухайн аймгуудаас шар тос, ааруул, идээ цагаа, мах шүүсээ шинжилгээний бичиг баримттай нь ирүүлдэг юм. Үүнийг баталгаажуулах үүднээс бид мөн энд давхар шинжилгээнд оруулсны дараа л ашиглана шүү дээ. 



-600 литрийн тогоо дүүрэн будаа жигнэх, гурилтай шөл хийхэд тогоочийн ур чадвар туршлага нэлээн шаардана биз. Үгүй ядаж энэ их том тогоонд брэсс хийхэд түлэхээс эхлээд асуудал гарахаар санагдаж байна?

-600 литрийн тогоонд брэсс хийнэ. Мөн бор цав буюу махтай хоолоо хийдэг. Цав маань дотроо цагаан, бор цав гэж ялгаатай. Тухайн хоолыг түүхийрүүлэх үү, түлэх үү гэдэг бол тогоочийн ур чадвар. Брэсс болон цаваа тухайн өдрийн хурлаас шалтгаалж хэмжээ нь өөр байдаг. Өчигдөр болсон хуралд зориулж 100 кг будаагаар брэсс хийсэн. 25 кг шар тос, тэр хэмжээний элсэн чихэр, 1 кг давс л орно.
Анх хоол цай хийхдээ дахин дахин амсаж үзээд л ямар амттай болсон бол гэж санаа зовдог байлаа. Одоо бол бүх ажил гарт орсон. Давсыг атгаад хийхэд яг л таарч байгаа юм. Сая та бүхэн харлаа 600 литрийн тогоонд хуврагууддаа бор цав буюу гурилтай шөл хийж буйг харлаа. Гурван шуудай хэрчсэн гурил хийсэн. 50 кг гурилыг  хэрчиж хийнэ гэж боддоо. 

-Сүүлийн үед сүсэгтнүүд  Гандантэгчэнлин хийдийн хурал номын манз, цавыг даах гэж бараг булаацалддаг болсон?

-Өглөгийн гараа сунгасан сүсэгтнүүд маань манз цавны хүнсний бүтээгдэхүүн өгдөг. Түүгээр нь лам нартаа цав хийж өгнөө. Мөн Гандантэгчэнлин хийдийн дансанд мөнгөө шилжүүлэх үе ч бий. Манз цав дааж байна гээд янз бүрийн юм барьж ирэхийн оронд дансанд мөнгө шилжүүлэх нь илүү амар байдаг. Бид лам нарынхаа манз цавыг яг тааруулж хийдэг учраас чухал л даа. Заримдаа хуршсан тос өгчихсөн байдаг. Хоол хүнсэнд хэрэглэх цэвэр шар тосоо бид Гандангаасаа гаргаж хийвэл илүү зохимжтой байдаг юм. 

-Сар шинийн баяраар мах шүүс чанаж ширээ зассан харагддаг, баяраар нууц биш бол хэдэн ууцаар идээ засдаг вэ?

-Ер нь бол 10 гаруй ууц чанадаг. Богдын өргөө, Их гэрээс гадна дацан бүрт шүүс тавьдаг. Мөн Битүүний өдрийн хурал номонд ашиглах зэрэгт хэрэглэдэг. Сар шинийн барилдаан, гурван өндөрлөгт идээ, шүүс барьдаг даа. 

-Таныг цагдаагийн мөрдөн байцаагч байсан гэж сонссон. Яагаад тэс өөр мэргэжил сонгох болов?
-Цагдаагийн байгууллагад 28 жил ажиллаад гавьяаны амралтаа авсан. Анх Гандантэгчэнлин хийдэд харуулаар орсон. Тэгээд тогоочийн дамжаа дүүргэж Их зам болоод одоо 26 жил тасралтгүй ажиллаж байна.

-Та өөрийнхөө залгамж халааг бэлдэж байна уу, танаас гадна хичнээн тогооч ажилладаг вэ?
-Миний туслах тогоочоор А.Оюунсүрэн, Т.Батнасан гэж залуус ажиллаж байна. Би 80 хүрч байна. Тиймээс энэ хоёр маань миний ажил үйлсийг үргэлжлүүлнэ дээ. Гурван бэлтгэгч, хоёр үйлчлэгчтэй. 
 

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал

Сурталчилгаа
Монгол брэнд