top banner

Пёнчан-2018: Хоёр Солонгос дахин эвлэрлээ


2018-02-14 10:54:58
Зураг
Хуваагдсан хоёр улсыг нэгэн тугийн дор нэгтгэж чадсанаараа Пёнчанд болж буй өвлийн Олимпын XXIII их наадам “спорт бол хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг” гэдэг үгийн утгыг дэлхий дахинд жинхэнэ ёсоор мэдрүүлж өглөө.  
 
Пёнчан-2018 наадам нь умардынхан болон өмнөд солонгосчуудыг яриа хэлэлцээний ширээнд дахин суулгаж, тасраад удаж буй хэлхээ холбоогоо сэргээх боломжийг нээж өгсөн гэж ажиглагчид дүгнэж байна.
 
Ингэж дүгнэхийн учир нь, БНАСАУ-ын Ардын Дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эмэгтэй дүү Ким Ё Жон нарын тэргүүлсэн Умардын өндөр дээд түвшний төлөөлөгчид өнгөрсөн баасан гарагт болсон өвлийн Олимпын наадмын нээлтийн ёслолд оролцсоноос гадна тэднийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хүндэтгэн хүлээн авч уулзсан явдал юм.

Ким Ён Нам, Ким Ё Жон нарын хувьд 1950-1953 оны Солонгосын дайнаас хойших хугацаанд Өмнөд Солонгост айлчилсан БНАСАУ-ын хамгийн өндөр дээд албан тушаалтнууд болж байна.  
 
Өмнөдөд зочлоод ирсэн төлөөлөгчдөө БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун хүлээн авч уулзахдаа, тэднийг Өмнөд Солонгосын тал халуун дотноор угтан авсанд ихэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ.
 
Түүнчлэн Ким Ё Жон ахынхаа илгээсэн урилгыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд дамжуулан өгч, ойрын үед Пхеньянд зочлохыг хүссэн зэрэг нь 2001 оноос хойш дуулдаагүй сонин содон үйл явдал байлаа. Урилгыг хүлээн талархан авсан Өмнөдийн удирдагчийн байр байдлыг ажвал, тэрбээр тун удахгүй Пхеньянд зочлох бололтой.

Ким Ё Жон гэж хэн бэ?

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун өөрийн хамгийн итгэлт хүмүүс болох парламентын дарга Ким Ён Нам, өөрийн эмэгтэй дүү хоёрыгоо Өмнөд рүү илгээсэн нь хамгийн ихээр анхаарал татлаа.



Ким Ё Жон бол Умард Солонгосын түүхэнд өндөр дээд албан тушаал хашсан /хашиж буй/ хоёрдахь эмэгтэй хүн юм. Түүнээс өмнө их удирдагч Ким Ир Сений охин, одоогийн удирдагч Ким Жөн Уны нагац эгч болох Ким Ген Хи Солонгосын Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны гишүүнээр сонгогдож байв.
Харин өдгөө 30 настай Ким Ё Жон 2014 онд Солонгосын Хөдөлмөрийн намын үзэл суртлын хэлтсийн даргаар ажиллаж байгаа аж. Тэрбээр өөрийн ах Ким Жөн Унтай тун дотно байдгийн учир нь тэр хоёр 1996-2000 онд хамтдаа Швейцарийн нэгэн сургуульд өөр нэрээр, бие хамгаалагчтайгаар суралцаж байжээ. Ким Ё Жон эх орондоо буцаж ирээд Ким Ир Сений нэрэмжит их сургуульд мэдээллийн технологийн  чиглэлээр мэргэжил эзэмшсэн байна. 

Ё Жоныг далдаас өдөөн турхирагч гэж барууныхан үздэг бөгөөд нэрийг нь Америкийн хоригийн жагсаалтад оруулсан аж. Түүнийг хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг хэмээн буруутгаж, АНУ-д нэвтрэхийг нь хориглосон байна.

Эелдэг зөөлөн төрхтэй, дипломатч хүний зан харьцаатай энэ бүсгүй Олимпын нээлтийн үеэр Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй зэрэгцэн сууж яриа хөөрөө өрнүүлж буйг харахад парламентын дарга Ким Ён Намаас илүү эрх мэдэлтэй болсон мэт сэтгэгдэл төрөхөөр байлаа.
 
Гэхдээ төрийн зэрэг зиндааг баримтлан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Умард Солонгосын парламентын дарга Ким Ён Намтай уулзсан байна. Тэрбээр Солонгосын хойг цөмийн зэвсэггүй болно хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ.

НҮБ-ын тэргүүн мөн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзах үеэрээ “Энэ Олимп бол Умард Солонгосыг цөмийн зэвсгээс нь татгалзуулахад чиглэсэн дипломат хүчин чармайлтыг улам идэвхжүүлэх нэгэн боломж” гэж хэлсэн байна.
 
Эвлэрэл дулаарлын мөчлөгүүд
 
Хоёр Солонгос үргэлж л хоорондоо шөргөөцөлдөж, 70 жилийн турш дайсагнаж ирсэн үү гэвэл үгүй юм. Зарим ажиглагчдын дүгнэлтээр бол, Умард-Өмнөдийн харилцаа нэг үе хурцдаад, дараа нь эргээд зөөлрөн “дулаардаг” мөчлөгт нэгэнт орсон байна. Тодруулбал, сүүлийн 10 жилд “хүйтрэл”-ийн мөчлөг таарч, Солонгосын хойгийн байдал  маш хурцадсан билээ.
 
Гэхдээ хоёр орны харилцаанд дулаарлын үеүд байсныг дурдах нь зүйтэй. Онцолвоос, 1998 онд Ерөнхийлөгч Ким Дэ Жүн засгийн эрхэнд гарангуутаа Умард Солонгосын талаар явуулах “Нарны илч” бодлогоо зарлан тунхаглаж, улс төрийг эдийн засгаас ялган зааглана гэдгээ мэдэгдсэн юм. Үүний хариуд Умардын удирдагч асан Ким Чен Ир солонгос үндэстнийг нэгтгэн нягтруулах 5 зарчим гэдгээ танилцуулж байв. Ерөнхийлөгч Ким Дэ Жүний үед /1998-2001/ Умард Солонгост үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжийн хэмжээ 327 сая долларт хүрч байлаа. 

2000 оны 6 дугаар сард Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалт, сайд нарын түвшинд 8 удаагийн уулзалт болж байв. Дайны үед салж хагацсан гэр бүлүүдийн уулзалтыг 5 удаа зохион байгуулсан гэх мэт олон ахиц дэвшил гарч байлаа.

Хоёр тал 2000 оны 6 дугаар сарын 15-ны Хамтарсан мэдэгдэл гаргаж байсан бол 2001 оны 6 дугаар сард хоёр улсын удирдагчид түүхэнд анх удаагаа нүүр тулан уулзаж байсан гэх мэт эвлэрлийн төлөөх алхмууд олонтоо хийгдэж байсан.
 
Одоогийн энэ эвлэрлийн тухайд, 2017 оны сонгуулийн дараа Өмнөдийн засгийн эрхэнд зүүний үндсэрхэг үзэлтнүүд гарч ирсэн. Өмнө нь 2008-2017 онд улс орныг удирдаж байсан консерватив үзэлтнүүдтэй харьцуулахад тэд Умард Солонгосын талаар хамаагүй зөөлөн байр суурь баримталдаг хүмүүс юм. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин сонгуулийн кампанит ажлынхаа үеэр “хоёр Солонгосын харилцаан дахь хямралыг төгсгөл болгоно” гэж амлаж байлаа.  
 
Спорт, урлагийн талбарт хамтдаа
 
Пёнчаны спортын их наадамд Умард Солонгосын тал урлаг, спортын өргөн баг бүрэлдэхүүнээ илгээжээ. Тэдний дотор 22 тамирчин, 24 албаны хүн, 21 сэтгүүлч байна. Өвлийн Олимпын анхаарлын төвд байсан хоёр Солонгосын эмэгтэйчүүдийн шайбтай хоккейн хамтарсан багийг дэмжихээр ирсэн Умард Солонгосын иргэд Солонгосын хойгийн зураг бүхий туг далбаа намируулж байсан нь  содон харагдана.

Өмнөд Солонгосын нэгэн үзэгч ярихдаа “хамтарсан баг бүрдүүлсэн нь  хоёр Солонгос эвлэрэн нэгдэхийг бэлгэдсэн эхний алхам” гэсэн бол өөр нэгэн үзэгч “Умард болон өмнөд солонгосчууд хамтдаа хоккей тоглож байгааг харахад сайхан байна” гэжээ.
 
Өмнө нь хоёр Солонгос улс ширээний теннисний 1991 оны ДАШТ болон хөлбөмбөгийн залуучуудын ДАШТ-нд хамтарсан багуудаа оролцуулж байсан удаатай. 
 
Энэ удаад Өвлийн олимпийн наадамд оролцох баг тамирчдаа дэмжихээр Умард Солонгосын 229 үзэсгэлэнт бүсгүй Пёнчанд ирээд байна. Мөн 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй “Моранбон” гэдэг охидын хамтлаг Олимпын нээлтэд оролцжээ.
 
“Пёнчан – 2018”-ын өмнө болсон Олон улсын Олимпын хорооны /ОУОХ/-ны 132 дугаар чуулганы үеэр тус хорооны ерөнхийлөгч Томас Бах үг хэлэхдээ “хоёр Солонгосын тамирчид нэгэн тугийн дор оролцож жагсч нь хамгийн сэтгэл догдлуулсан мөч” гэдгийг онцлов.

Улс төрийн ээдрээтэй нөхцөл байдлын үед ноён Т.Бах  Олимпын наадамд БНАСАУ-ыг оролцуулахын төлөө идэвх санаачилга гарган ажилласны үр дүнд хоёр Солонгосын тамирчид ийнхүү Олимпын наадамд хамтдаа жагслаа.
 
Эдгээр болон бусад үйл явдлыг ажиглан дүгнэвээс, өвлийн Олимпын наадам хоёр Солонгосын харилцаанд “дулаарал”-ыг авчирсан төдийгүй түүхэн шинэ эргэлтийн эхлэлийг тавилаа гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй.
 
Солонгосын хойгт хэзээ мөдгүй цөмийн дайн дэгдэх нь гэх айдас хүмүүсийн сэтгэлд хургаад байсан үе хэдхэн сарын өмнө билээ. Хоёр Солонгосын харилцаа туйлдаа хүртэл хурцдаж, үүнээс цааш явах газар үгүй гэдгийн адилаар мухардалд орчихоод байлаа.Гэтэл өнөөдөр Умард, Өмнөдийн удирдлагууд гар барилцан, спортын тоглолтыг хамтдаа үзээд сууж байна гэдгийг урьдаас төсөөлж байсан хүн бараг байхгүй болов уу.
 
Гэхдээ үүний учир шалтгааныг барууны хэвлэлүүд илүү гүнзгийрүүлэн геополитикийн үүднээс тайлбарласан “эвгүй дүгнэлтүүд” хийсэн байна. Тэдгээрийн утгыг нь ерөнхийд нь базаж үзвэл, Д.Трамп үнэхээр цохилт өгч мэдэхээр шинжтэй болоод ирэнгүүт Умард Солонгосын эрх баригчид өмнөдийнхөнтэй хүмүүнлэгийн солилцоогоо дахин сэргээснээр Солонгосын хойг дахь хурцадмал байдлыг түр боловч намжааж чадсан гэнэ. Харин Өмнөд Солонгост засгийн эрхэнд гарсан зүүний үндсэрхэг үзэлтнүүд анхнаас л ийм хэлхээ холбоо тогтоохыг санал болгосоор ирсэн бөгөөд энэ нь зэвсэгт мөргөлдөөн дэгдэх магадлалыг бууруулна гэж үздэг байна. Хоёр Солонгос хоорондоо найрссан тохиолдолд америкчууд Пхеньянд цохилт өгөх магадлал дагаад багасч байгаа юм.

Америк маягийн “үл анзааралт”
 
АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пэнс өөрөөс нь хагас метрийн зайд сууж байсан Умард Солонгосын засгийн газрын өндөр дээд хэмжээний төлөөлөгчдийг зориуд үл анзаарсан дүр эсгэж байсан тухай радио-телевизийн СВS News суваг дурдсан байна.

Олимпын нээлтийн үеэр ноён Пэнс VIP суудлын нэгдүгээр эгнээнд сууж байсан бол Ким Ё Жон, Ким Ён Нам нар арынх нь эгнээнд байжээ. Бие биенээ шүргэх шахам ойрхон сууж байсан хэдий ч Умард Солонгос болон АНУ-ын төлөөлөгчид хоорондоо хүний урманд ганц ч үг солилцоогүй гэнэ. Пэнс Умардын төлөөлөгчдөөс улайм цайм зайгаа барин зугтаагүй хэдий ч тэднийг огтхон ч анзаараагүй мэт байснаас гадна хоёр Солонгосын тамирчид цэнгэлдэхэд орж ирэх үед босч баяр хүргэлгүй хэнэггүй суусаар байсныг СВS News онцолжээ.



Ер нь бол Өмнөд Солонгосын эрх баригчид Майкл Пенс, Ким Ё Жо нарын уулзалтыг олимпийн наадмын эхний өдөр зохион байгуулахаар төлөвлөж байсан гэнэ. Талууд уулзалт хийхийг хүсээгүй учир яриа хэлэлцээ болоогүй тухай Японы “Асахи” сонинд мэдээлсэн байна. Өмнөд Солонгосын эрх баригчдын төлөвлөснөөр бол хоёр Солонгосын хооронд эхэлсэн яриа хэлэлцээ нь эцсийн дүндээ Умард Солонгос-АНУ-ын хооронд шууд яриа хэлэлцээ хийх нөхцлийг бүрдүүлэх ёстой байв.

Дэд Ерөнхийлөгч эх орондоо буцах замдаа онгоцон дотор сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Хэрвээ Умард Солонгос цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө зогсоохгүй бол тус улсыг улс төр, эдийн засгийн хувьд хаан тусгаарлах бодлогоо үргэлжлүүлнэ гэдэг тал дээр АНУ, Өмнөд Солонгос, Японы хувьд ямар ч эргэлзээ үүсээгүй” гэжээ.

Түүнчлэн СВS News-ийн мэдээнд дурдсаныг үзвэл, М.Пэнс, Мүн Жэ Ин нар уран гулгалтын тэмцээн үзэж байх зуураа Умард Солонгосын эсрэг хоригийг улам чангатгах талаар ярилцсан бололтой.

Цаашдаа...
 
Орчин үеийн Олимпын хөдөлгөөнийг үндэслэгч  Пьер де Кубертен “спорт улстөрөөс ангид байх ёстой” хэмээн тунхагласан билээ. Гэсэн хэдий улс төр нь спортод нөлөөлж байсан жишээ 1896 оноос хойших Олимпын түүхэнд хангалттай олон бий.
 
Харин өнөөгийн соёлт ертөнцөд спорт нь хүн төрөлхтний ирээдүйн сайн сайхны тусын тулд улс төрд нөлөөлж байгаагийн нэгэн жишээ бол Пёнчан-2018 өвлийн Олимпын тоглолт юм. Энэ удаагийн спортын их наадам юутай ч Солонгосын хойгт дэгдсэн хурц хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх замын эхлэлийг тавилаа.
 
Ойрын үед өндөр дээд хэмжээнд улс төрийн яриа хэлэлцээ хийх бэлтгэл ажил хийгдэж, хоёр орны Улаан загалмайн нийгэмлэгүүдийн шугамаар холбоо тогтоох, дайны үеэр салж хагацсан гэр бүлүүдийг хооронд нь уулзуулах арга хэмжээ болох нь тодорхой.  
 
Б.Адъяахүү 

Сурталчилгаа
Монгол брэнд