top banner

Аваргуудын нутагт улсын аварга хоёроор нэмэгдлээ


2018-02-14 11:55:33
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Жил бүр аваргыг төрүүлдэг алтан нутаг Бат-Өлзий сумаас гал тахиа жилд “Улсын аварга малчин” нэг, “Улсын аварга саальчин” нэг, “Аймгийн манлай малчин” нэг, “Аймгийн аварга малчин дөрөв, “Аймгийн аварга саальчин” нэг, “Сумын аварга малчин” 24 төрөөд байна.
Улсын аваргуудын шагналыг хотонд нь гардуулахаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар, аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж тэргүүтэй албаны хүмүүс энэ сарын 11-ний өдөр тус суманд ажиллалаа. “Эх орныхоо дэлгэр сайхан нутагт эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн малч ухаан, туршлагаараа манлайлсан танд “Монгол Улсын аварга малчин” цол хүртээж, өргөө цагаан гэр, мөнгөн цом, энгэрийн тэмдэг, өргөмжлөл олгов. Буянт сүргийнхээ хишгийг түмэн олондоо түгээж, дүүрэн баяртай, түвшин жаргалтай байхын ерөөл дэвшүүлье. Монгол малын ариун цагаан буян өсөн дэлгэрэх болтугай” гэсэн сайхан үгтэй өргөмжлөл, бэлэг сэлтийг тойргийн гишүүн, аймаг, сумын удирдлагуудаасаа гардан авсан эхний хүн бол 4 дүгээр багийн малчин Г.Баяртогтох байв.

Тэрбээр 20 гаруй жил мал аж ахуйн салбарт ажиллахдаа малын удмын сан, эрүүл мэндийг сайжруулахад онцгой анхаарч ирсэн бөгөөд “Барга”, “Баянгол” омгийн хуц, “Нарийнтээлийн улаан” ухна, Хөвсгөлийн Улаан-Уул сумын сарлагаар малынхаа үүлдэр угсааг сайжруулж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн байна. Гэр бүлийнхээ хамтын хүчин зүтгэлээр сүүлийн таван жилд төл малын хорогдол гаргаагүй ба мал сүргээ дөрвөн төрөл дээр өсгөн бойжуулж, 2017 онд 1800 гаруй толгой мал тоолуулжээ. Улсын аваргын болзол хангахад нэг үзүүлэлт болж байдаг нийгмийн хариуцлагын хүрээнд сумынхаа байгууллагуудын тохижилтонд багагүй анхаарч хандив дэмжлэг үзүүлдэг бол шинэ залуу малчид, амжиргааны түвшин тааруу зургаан айл өрхөд туслан 400 гаруй малаар малжуулсан байна. Аваргаас баярт мөчийн сэтгэгдлийг хуваалцахад “12 настайгаасаа эхлэн ааваараа заалгаад мал малласан. Гэр бүлтэй болж, өрх тусгаарласнаас хойш 10 жил болж байна. Аав, ээжийнхээ тасдаж өгсөн малыг өсгөн үржүүлж хоёр мянга орчим болголоо. Бэлчээрээ ойр ойрхон сэлгэн нүүдэллэж, малаа өнгө зүстэй байлгахын төлөө чармайн ажиллаж байна даа” гээд хөдөлмөр зүтгэлийг нь төр засгаас өндөр үнэлсэнд баярлаж байгаагаа илэрхийлэв.
Улсын хэмжээнд аварга саальчин ес төрсний нэг нь Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн саальчин С.Оюунчимэг юм. Өдгөө 47 настай залуу саальчин маань сарлагийн үнээнээс жилд дунджаар 360 гаруй литр сүү сааж, цагаан идээ боловсруулан борлуулалт хийснээр 40 гаруй сая төгрөгийн орлого олдог хөдөлмөрч, овсгоотой эмэгтэй аж. Түүний гэр бүлийн хүн Д.Лхамжав 2017 онд “Аймгийн аварга малчин” болж байв.  Аваргынх 1000 гаруй толгой малтай бөгөөд 500 гаруй хээлтэгч малаас төл аван 100 хувь өсгөн бойжуулж байна. Сумын төвөөс баруунтай 70 гаруй км-т, Орхон голын эх Шивэртэйн амыг өгсөөд мод, ус, уулсаар хүрээлэгдсэн үзэсгэлэнт байгальд жилийн дөрвөн улирлыг сэлгэн буудаллаж, хангайн сүрлэг амьтдын нэг сарлагийг голчлон маллаж, өвөл цагийн өнөө үед эрхэм хүндтэй цолоо тогооны шинэхэн өрөм, элгэн тарагтай угтаж байгаа нь саальчны чадвар чансааг харуулж байлаа. “Зундаа гандуу байсан болохоор өвс муутай, малаа оторлуулж яваад саяхан суурьшсан. Цаг агаар гайгүй байсан ч сүүлийн хориод хоног эрчимтэй хүйтэрлээ. Малын тарга тэвээрэг гайгүй, боломжийн байна” хэмээн гэрийн эзэн өвөлжилтийн байдлыг танилцуулав. Д.Лхамжав гуайнх малынхаа үүлдэр угсааг сайжруулах, усан хангамжийг нэмэгдүүлэх, бэлчээрийг хуваарьтай ашиглах, залуу малчдыг сургах, малжуулах, сум орон нутгийнхаа бүтээн байгуулалтад хандив дэмжлэг үзүүлэхэд идэвх санаачилгатай ханддагыг сум, багийн удирдлагууд хэлж байсан юм.
 - Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж: Өвөрхангай аймаг малчин ард түмнийхээ нөр их хүч хөдөлмөрийн үр шимээр 5 сая, 743 мянган толгой мал тоолуулж, улсдаа гурав дахь удаагаа тэргүүлээд байна. Манай аймгийн эдийн засагт мал аж ахуйн салбар голлох байр суурьтай. Аймгийн ДНБ-ний 50 гаруй хувийг мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн эзэлж байна. Мал маллах нь халуунд халж, хүйтэнд хөрч, хатуу хөтүү олон бэрхшээл туулж байдаг хүнд хөдөлмөр хэдий ч сүүлийн жилүүдэд олон сайхан залуу малчид шинээр төрж, амжилттай ажиллаж байгаа. Аймаг, орон нутгаас ч мал аж ахуйгаа дэмжихэд багагүй анхаарч байна. 2017 онд аймгийн ИТХ-аас “Өв Эко Мийт парадокс” гэсэн орон нутгийн өмчит компани үүсгэж, махний үйлдвэр байгуулах тогтоол, шийдвэр гаргасан нь амжилттай хэрэгжиж, Мах боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулан 60 орчим хүнийг ажлын байраар хангаж, малчдад мал, махаа өндөр үнээр борлуулах боломжийг бүрдүүллээ. Цаашид сүүний, бяслагны, арьс ширний үйлдвэр байгуулж, мал аж ахуйн салбар нэлээн өргөжих болно.  Төр засгаас болон аймгаас малчдын хөдөлмөр бүтээлийг үнэлж урамшуулахад онцгой анхаарч, “Улсын аварга малчин”-г шалгаруулахаас гадна “Улсын аварга саальчин” цолыг сэргээсэн нь  малын чанарт анхаарах, ашиг шимийг нь бүрэн авах хөшүүрэг болж байна. Бат-Өлзий суманд 1992 оноос хойш 8 дахь улсын аварга малчин төрлөө. Залуу манлайлагч малчдын төлөөлөл болж манай сумаас Г.Баяртогтох, хөдөлмөрч эмэгтэйчүүдийн төлөөлөл болж С.Оюунчимэг эгч маань энэ сайхан цолоор шагнуулсанд ИТХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэе.
- Бат-Өлзий сумын Засаг дарга М.Жамъяншарав: Манай суманд зун, намартаа цаг агаарын байдал сайхан байсан. Харин шинэ оний эхний өдрөөс цас багагүй орж, эрс хүйтэрч, мал муудах талруугаа орж байна. 2017 оний мал тооллогоор Бат-Өлзий сум 182 мянган толгой малтай болсон. Малчид маань бэлтгэл сайн хийсний хүчинд хохирол багатай онд орох болов уу гэж бодож байна. Сар шинийн босгон дээр сумаас маань олон сайхан аварга малчид төрлөө. Сүүлийн жилүүдэд залуу малчид олноор төрж байгаад бид их баяртай байгаа.
Сурвалжилсан Б.Батчимэг

Монгол брэнд