top banner

Жолоочгүй, нисдэг такси Дубай хотод үйлчилж эхэлнэ


2018-02-14 13:31:44
Зураг
АСТАНА. /КАЗИНФОРМ/. Ер бусын сонин тээврийн хэрэгсэл болох жолоочгүй агаарын такси удахгүй Арабын Нэгдсэн Эмирт Улсын /АНЭУ/ Дубай хот дээгүүр нисч эхэлнэ.
 
Энэ том төслийг “Дэлхийн засаглалын дээд хэмжээний уулзалт”-ын үеэр /World Government Summit/ танилцуулсан байна. Дубай хотод болж буй уг арга хэмжээнд орчин үеийн дэвшилтэт технологийг янз бүрийн салбарт нэвтрүүлэх болон төрийн үр ашигтай удирдлагын асуудлуудыг хэлэлцэж байгаа юм. 
 
Шинэ төрлийн такси бий болгох санаачилгыг Дубай хотын Зам, тээврийн газар гаргасан бөгөөд Германы “Volocopter” компанийг хамтран ажиллахыг урьсан аж.
 
“Дубайн агаарын такси нь цахилгаанаар ажиллах учраас экологийн хувьд цэвэр тээврийн хэрэгсэл юм. Нислэг үргэлжлэх хугацаа 30 минут бол дээд хурд нь 100 км/цаг ба 2000 м-ийн өндөрт нисч чадна” хэмээн танилцуулах материалд дурджээ. 
 
Агаарын таксийг ухаалаг утсаа ашиглан захиалж болох гэнэ. Төслийг зохиогчдын ярьснаар, уг такси яг цагтаа, зорчигчийн очих газарт маш ойрхон буух аж.
 
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд чиглэсэн Дубай хотын эрх баригчдын өргөн хүрээтэй төлөвлөгөөнд агаарын таксийг ашиглах энэ төсөл багтжээ.
 
Өмнө нь АНЭУ-ын Ерөнхий сайд бөгөөд Дубайн эмирт улсын тэргүүн Мухаммед бен Рашид Аль Мактум мэдэгдэхдээ “2030 он гэхэд хотын такси паркийн 25 хувийг өөрөө явагч тээврийн хэрэгслүүд эзлэх болно” гэжээ.
 Э.Аянзаяа 
 
 
 

Сурталчилгаа
Монгол брэнд