top banner

Хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийх гээд баригджээ


2018-02-14 13:46:05
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өчигдөр буюу хоёрдугаар сарын 14-ний шөнийн 01:40 цагийн үед Баянгол дүүргийн есдүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “М” караокед " Хуурамч мөнгөөр гүйлгээ хийхийг завдлаа” гэсэн мэдээллийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн шуурхай удирдлагын бүрэлдэхүүн хүлээн авсан байна. Мэдээллээр  шалгахад тус караокед үйлчлүүлж байсан Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд оршин суух 28 настай эрэгтэй “А” нь хуурамч 20.000 төгрөгийн дэвсгэртээр гүйлгээ хийхийг завдсан байж болзошгүй гэж үзэн шалгаж байна.Хуурамч мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг бэлтгэсэн, ашигласан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ. Иймээс иргэд  болон хувиараа жижиг дунд бизнес эрхлэгч нарыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж мөнгөн тэмдэгтийг авахдаа шалгаж үзэж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Эрүүгийн хуульд зааснаар үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ гэхлэн заасан байна.
 

Ж.Батсайхан


Сурталчилгаа
Монгол брэнд