Химийн зэвсэг ашигласан нь тогтоогдвол Сирид цэргийн цохилт өгнө

Дэлхийн мэдээ | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-14 14:11:32
ПАРИС. /ТАСС/. Сирийн цэрэг энгийн ард иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласан нь нотлогдвол манай улс Сирид нэн даруй цэргийн цохилт өгөхөд бэлэн байна гэж Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон мэдэгдсэнийг “Agence France-Presse” агентлаг уламжлав.
 
Сирид химийн зэвсэг ашигласан нь батлагдсан тохиолдолд Франц улсын зүгээс ямар арга хэмжээ авах вэ гэсэн сэтгүүлчдийн асуултад тэрбээр хариулахдаа “Химийн зэвсэг хэрэглэх ажиллагааг анхлан зохион байгуулсан газарт л бид өндөр нарийвчлалтайгаар цохилт өгнө. Өнөөдөр бидэнд энгийн ард иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласан гэх баталгаа байхгүй байна” гэжээ.  
 
"Сирийн Засгийн газрын цэргийн давшилтын үеэр хорт хий ашигласан байж магадгүй. Үүний улмаас Дамаск хотын ойролцоо байрлах Дума хотын дүүрэгт 20 энгийн оршин суугч хордсон" тухай  “The Associated Press” агентлаг 1 дүгээр сарын 23-нд мэдээлж байсан юм. Сирийн Засгийн газар химийн зэвсэг ашигласан гэх мэдээллийг няцааж байгаа билээ. Харин энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар Химийн зэвсгийг хориглох байгууллагаас мэдэгдсэн юм. 
Э.Аянзаяа
Холбоотой мэдээ