Харшилдаж буй хар мууг одуулах “Хүрэл алтан дөш” тууль хайллаа

Монголын мэдээ | Соёл урлаг
mn_tuul@montsame.mn
2018-02-14 14:55:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвлийн адаг харагчин үхэр сарын энэ өдөр Богд хааны ордон музейд “Хүрэл алтан дөш” туулийг бүрэн эхээр нь хайллаа.

Урианхайн ес дэх үеийн их туульч А.Балдандорж уг туулийг хайлсан бөгөөд тэрбээр энэ үеэр хэлэхдээ, “Дэлхий нийтээр даяаршиж техник технологи хөгжсөн энэ үед тууль устаж үгүй болох аюул тулж ирсэн байна. Иймд өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн энэ их өвийг тасарч алга болгохгүйн тулд дүрс бичлэгээр дамжуулан Богд хааны ордон музейн архив, Соёлын өвийн үндэсний төвд хадгалуулах үүднээс тууль хайлж байна” гэв.


Туульч А.Балдандорж энэхүү туулийг алдарт туульч, төрийн шагналт Б.Авирмэд ааваасаа бага балчир насандаа үлгэрчлэн хэлүүлж хоногшуулан авсан бөгөөд хожмоо заалгаж даган хайлж сурчээ. Энэхүү тууль нь их хөлгөн туулиудтай харьцуулбал хэмжээний хувьд бага, бэсрэг туулийн ангилалдаа ордог байна. Зөөлөн эевэрүү энэхүү туулиар Богд хааны ордон музей энэ жилийн туулийн улирлынхаа хаалтыг хийж байгаа аж. Учир нь монголчууд эртний уламжлалаараа баатарлаг туулийг зөвхөн өвлийн саруудад хайлж иржээ. “Хүрэл алтан дөш” тууль нь харшилдаж байгаа хар мууг одуулж хүүхэд нялхас, өтөл буурлуудад ивээлээ өгдөг гэж эрт үеэс нааш сүсэглэн хайлж ирсэн уламжлалтай.

Урлаг судлаач, Богд хааны ордон музейн менежер М.Нямгэрэл, "Дээхнэ үед монголчууд мал аж ахуй амьдрал мэддэг, цээж сайтай, цэцэн мэргэн хүүхдийг сонгож туульчаар бэлтгэдэг байсан. Өдгөө цагт туульч цөөн болсон. Нэг туульчийг бэлтгэхэд маш олон жилийн хөдөлмөр шаарддаг. А.Балдандорж гуай нь тэдгээр цөөхөн туульчдын нэг бөгөөд одоогоор 13 туулийг хайлаад байна. “Хүрэл алтан дөш” тууль нь таван цагийн туршид үргэлжлэдэг тууль юм” хэмээн ярьлаа.

Ардын аман зохиолын хөгжлийн явцад бий болсон яруу найргийн хамгийн том төрөл монгол туулийг  ЮНЕСКО-гийн “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад 2009 онд бүртгэн тунхагласан нь тууль, түүний өв санг хамгаалах, сэргэн амилуулах шаардлагатайг сануулсан чухал үйл явдал болсон. Монгол туулийг ийн яаралтай хамгаалах соёлын өвд багтаасантай холбогдуулан Соёлын өвийн үндэсний төв, Богд хааны ордон музей хамтран "Монгол тууль" хөтөлбөрийг хэрэгжүүлж  буй. Хөтөлбөрийн хүрээнд 2014 оноос дөрвөн жилийн хугацаанд нийт 13 туулийг Богд хааны ордон музейд хайлж бүртгэлжүүлэн хойч үедээ үлдээх ажлыг хийгээд байна.

Тууль бол зөвхөн үгийн урлаг төдийгүй хөгжим аялгуу, туульчийн уран чадвар, хайлах, хэлэх ёс жаяг, зан үйлийг багтаасан нийлмэл урлагийн шинжтэй цогц үзэгдэл юм. 
Д.Сарантуяа
Холбоотой мэдээ