Активын чанарын үнэлгээгээр Монгол Улсын банкны салбар тогтвортой гэсэн үнэлгээ авчээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunzaya@montsame.mn
2018-02-14 15:06:23
Улаанбаатар/МОНЦАМЭ/. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хийсэн активын чанарын үнэлгээгээр Монгол Улсын банкны салбар бүхэлдээ тогтвортой гэсэн дүгнэлт гарсныг Төвбанкнаас мэдээллээ.
 
Үнэлгээгээр банкуудын зээлийн эрсдлийн удирдлага,  барьцаа хөрөнгийн үнэлгээтэй холбоотой нөхцөл, шаардлагыг сайжруулах шаардлагатай гэж дүгнэсэн байна.

Арилжааны банкуудын активын чанарын үнэлгээг Бүгд Найрамдах Чех Улсад бүртгэлтэй "Pricewaterhouse Coopers" компани гүйцэтгэжээ. 

Дээрх үнэлгээгээр банкуудын зээлийн багцын чанар болон үйл ажиллагааны бодлого, журам, зээлийн эрсдлийн удирдлагын тогтолцоо, барьцаа хөрөнгө, гуравдугаар түвшний хөрөнгөд үнэлгээ хийсэн байна.

Энэхүү Активын чанарын үнэлгээ нь Монгол Улсад анх удаа хийгдсэн бөгөөд үнэлгээний  явцад  таамаглаагүй зарим хүндрэл  гарч байсныг "PwC" компанийн мэргэжилтнүүд онцолжээ.
  
Банкны  активын чанарын үнэлгээ 2016 он буюу улс орны санхүү, эдийн засгийн нөхцөл байдал хүнд амаргүй үеийн санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэгдсэн бөгөөд  2017 оны санхүү, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан гуравдугаар улирлын байдлаар тохируулга хийгдсэнээрээ онцлогтой гэдгийг албаныхан тодотгож байна. 

Активын чанарын энэ үнэлгээ нь ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд банкны салбарын өөрийн хөрөнгийн хүрэлцээг тодорхойлох арга хэмжээний эхний үе шат юм. Цаашид, банкууд өөрийн хөрөнгийн түвшинг 2021 он хүртэлх хугацаанд хангах  талаар бизнес төлөвлөгөө боловсруулан Монголбанкинд ирүүлэх юм байна. Улмаар Монголбанкнаас банкуудын санхүүгийн үзүүлэлтэд эрсдлийн сорилын шинжилгээг хийх замаар  өөрийн хөрөнгийн хүрэлцээний дутагдлыг ирэх гуравдугаар сард багтаан эцэслэн тодорхойлох аж.
Б.Заяа 
Холбоотой мэдээ