top banner

О.Балжинням: Таван хүүхдийн маань ээж, хань минь намайг тэнгэрээс харж байгаа байх


2018-02-14 15:09:27
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Ардын жүжигчин болон Гавьяат цол, төрийн одон медаль хүртсэн эрхмүүдээс сэтгэгдлийг нь сонслоо. 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Балжинням: 
Ерөнхийлөгчийн зарлигаар энэ хүндтэй шагналыг надад хүртээлээ. Би спортын байгууллагад 37 жил ажиллаж байна. 1979 оноос хойш тамирчнаар, 1993 оноос Улсын шигшээ багийн ахлаг дасгалжуулагч, 1997-2011 онд Алдар спорт хорооны дарга, 2011 оноос өнөөг хүртэл Жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна. Энэ шагналыг хүртсэндээ манай Жүдо бөхийн холбоо, тамирчид, Монголын нийт ард түмэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Миний таван хүүхдийг төрүүлж өгсөн хань минь энэ сайхан мөчийг харж чадаагүйд харамсалтай байна. Тэнгэрээс намайг харж байгаа байх гэж итгэж байна.  



Ардын жүжигчин Д.Нанжид: 
Би 15 настайгаасаа эхлээд 80 хүртлээ бүжиглэж байна. Одоо ч бүжиглэж л байна даа. Энэ сайхан шагналыг хүртээсэн төр засагтаа талархаж байна. 



Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг:
Шагнал авах мөчид ээжийгээ л их боддог юм байна. Ард түмэндээ баярлалаа. Энэ шагнал бол ард түмний минь шагнал. Миний ард түмэн намайг дэмжиж, эрхэм цол хүртээлээ. Урлагийн тогоонд 30 гаруй жил ажиллахдаа 60 гаруй тайзны уран бүтээл, 100 гаруй киноны уран бүтээлд  оролцжээ. Гавьяат болно гэдэг мэдээг өчигдөр орой ууцаа чанаж байгаад сонссон. Өнөөдөр их сайхан өдөр байна.

Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Бэхбат: 
Энэ сайхан мөчид Ерөнхийлөгч Х.Баттулга, миний дуунд дуртай ард түмэн, гэр бүл, ах дүүс бүгдэд нь баярласнаа илэрхийлж байна. Авсан шагналынхаа хариуд улам илүү сайхан уран бүтээлээр ард түмнийхээ сонорыг мялаана гэж бодож байна. Энэ бол зөвхөн минийх бус Монголын урлагийн зүтгэлтнүүд, Хөгжмийн зохиолчдын холбооны шагнал. 



Говь-Алтай аймгийн тэмээчин, Монгол Улсын гавьяат малчин Г.Ванчиг:
Би нэгдэлд 34 жил тэмээ хариулж, тэмээчин болсон. Одоо өөрийн 500 гаруй тэмээтэй. Манай хотонд Монголын анхны хос зогдорт тэмээ бий. Энэ тэмээнээс 23 кг ноос гарч байсан. Манай тэмээ үйлдвэр угсаа сайтай гэж хэлж болно. Тэмээ жил өнжиж төллөдөг, өсөлт удаантай. Таван хошуу мал дотор уналага, ачлага, үр шим ихтэй нь тэмээ гэж боддог. Төрийн хайр, хишиг хүртсэндээ талархаж байна. 

Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч, хүний гавьяат эмч Б.Дэлгэр:
Би 1983 онд Анагаахын сургууль төгсч, Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажлын гараагаа эхэлсэн. Одоо 35 дахь жилдээ ажиллаж байна. Сүүлийн 25 жилд эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ерөнхий мэргэжилтнээр ажилласан. Манай аймаг сүүлийн есөн жил эхийн эндэгдэлгүй ажилласан. Энэ шагнал эмнэлгийн маань нийт ажилчдын гавьяа юм. Төрүүлж, өсгөсөн ээж, аавдаа баярлаж байна. Мөн хань ижил, үр хүүхэд, багш нартаа баярлаж байна.

Шударга журам, медалийн эзэн Сонгинохайрхан дүүргийн Хэсгийн байцаагч Б.Батсумъяа:

Тухайн үед Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бид албан үүргээ гүйцэтгэн, ажиллаж байсан. Гэнэт бороо орж, айл руу ус орлоо гэдэг мэдээлэл ирсний дагуу очиж, хоёр өрхийн 12 хүний амь насыг аварсан. Тэр дунд дөрвөн том хүн,  4-12 насны найман хүүхэд байсан юм. Тэд бүгд уснаас гарч чадахгүй, гэрийнхээ хананаас зуурчихсан, тусламж хүлээж байсан. Ард иргэдээ аварч, туслах нь бидний үүрэг юм.

Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал

Сурталчилгаа
Монгол брэнд