top banner

Тугал бүрийг эсэн мэнд бойжуулж, "Алтан төлийн эзэн" боллоо


2018-02-15 13:43:44
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын малчин Цэдэвсүрэнгийн Дамдинсүрэн өнгөрсөн жил 180 үнээнээс 180 тугал эсэн мэнд бойжуулсан амжилтаараа МҮОНРТ-ээс шалгаруулдаг "Алтан төлийн эзэн" боллоо.

Ц.Дамдинсүрэн нь гэргий Ж.Мөнхзулынхаа хамт 20 гаруй жилийн өмнөөс сарлаг үхэр маллаж эхэлсэн бол өдгөө тоо толгой 400 гаруйд хүрчээ. Тэднийх үхрээ хайнаг, монголоор нь хэсэг болгон хуваан, мах, сүүний чиглэлийн болгож чанаржуулах тал дээр онцгой анхаардаг байна. Төл мэнд бойжуулах тал дээр хөрвүү аргыг голчлон ашигладаг ба ингэснээрээ төл мал хярвахгүй, даарч хөрөхгүй өлчир чийрэг өсдөг аж. Жилдээ өөрийн сарлаг үхрийн хөөврийг тушааж нэг сая орчим төгрөгний орлого авдаг зэргээр сарлаг үхрийн сүү сааль махаар тогтохгүй олон талын ашиг шимтэйг Алтан тугалын эзэн Ц.Дамдинсүрэн ярьж байна.

Энэ хавар 200 үнээ тугаллахаас эхний төлүүдээ тус хот айл хүлээж авч эхэлжээ. Ганц хүү нь удам дамжсан малчин болж, идэр малчдын хүрээг тэлж яваад нь эцэг эх нь баяртай байгаагаа хэлж байв.
                                                                                                                            Б.Мөнхзул



Монгол брэнд