top banner

Иогоос цаашхи Энэтхэг орон


2018-02-20 12:17:06
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэгт богино хугацааны сургалтад сууж буй найз маань иог хийж буй багшийнхаа бичлэгийг явуулжээ. 

Одоогоос хэдэн сарын өмнө бол энэ бичлэг намайг магад гайхшруулах байсан биз. Өнгөрсөн зун Дэлхийн иогийн өдрийг сурвалжилж явсных бас ч үгүй мэдлэгтэй гэхээсээ мэдээлэлтэй үлджээ. Тэгээд ч орчин цагт иог хийж буй хэн нэгнийг харсан хүн мэл гайхаж, цэл хөхрөх нь юу л бол.  Иог нь Энэтхэг орны хамгийн том тодотгол. Тэд энэхүү тодотголоо өдгөө дэлхийн тодотгол болгохоор зорьж буйг та анзаарч байгаа нь лавтай.

Одоогийн Ерөнхий сайд Нарендра Моди дөрвөн жилийн өмнө анх иогийн өдөртэй болох санаачилгаа НҮБ-д дэвшүүлэн тавьсан. Энэхүү хүсэлтийг дэлхийн орнууд хүлээн зөвшөөрсний дагуу НҮБ-аас жил бүрийн 6 дугаар сарын 21-ний өдрийг Дэлхийн иогийн өдөр болгон тэмдэглэж байна. Эл өдрийг тэмдэглэдэг улс орны нэг нь монголчууд болсон. Өнгөрсөн зун ОХУ-ын Санкт-Петербургт болсон олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр ноён Н.Моди, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай уулзахдаа “Улаанбаатарт болох иогийн арга хэмжээг зохион байгуулахад Засгийн газрын тэргүүний хувиар дэмжин туслаарай” хэмээн аминчлан захьсан гэх нь бий. Өнгөрсөн жил тус улсын Элчин сайдын яамнаас гурав дахь удаагаа Дэлхийн иогийн өдрийг жанжны талбайд олон хүндтэй эрхмүүдийг оролцуулан амжилттай зохион байгуулж байв.

Иог хийснээр хувь хүнд авчрах эерэг нөлөөний талаар монголчууд хэзээнээс сайн мэддэг. Аль социализмын үеэс хичээллэж сонирхож байсан хүмүүс цөөнгүй бий. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 30 гаруй иогийн төв үйл ажиллагаа явуулдаг гэх. Энэтхэгчүүд харин өөрсдөө иог нь бие махбодь, сэтгэл санаанд үзүүлэх сайн сайхан нөлөөнөөс гадна өрх гэрт амар амгаланг, улс оронд энхтайванч байдал, эв нэгдлийг авчирдаг хэмээн тайлбарладаг. Иймдээ ч стресс дэпрэсс, сөргөлдөөн мөргөлдөөн ихтэй өнөө цагт дэлхийн мянган мянган хүмүүс иогийг сонгож хичээллэх нь их болжээ. Үүний нэг тод жишээ нь Дели хотод болсон иогийн өдөрлөгт 30 мянган хүн оролцож, Гиннесийн амжилт тогтоосон явдал юм. Иогийн тухай бичихээр уншигчдад уламжлалт Энэтхэг орон төсөөлөгдөж байж мэдэх юм. Чухамдаа орчин цагийн Энэтхэг ямар улс вэ. Шинэ цагийн Энэтхэг Улсыг төсөөлөх оролдлогынхоо өмнө манай хоёр орны харилцааны талаар товч дурдая.

Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд гуравдагч хөршийн бодлогыг ямагт дэмжиж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ гэж заасан. Гуравдагч хөршийн гэх тэрхүү бодлогод оюун санааны хөрш Энэтхэг Улс багтдагийг уншигчид юу эс андах вэ. Ардчилалд шилжсэнээр гуравдагч хөрш гэх нэр томьёолол дэлгэрч, манай улс гадаад харилцаагаа шинээр тодорхойлсноос бус Энэтхэг нь хэзээнээс монголчуудын өнө эртний анд нөхөр билээ. Хоёр улс 1955 оны 10 дугаар сарын 24-нд дипломат харилцаа  тогтоосон. Монгол Улс 1956 онд Шинэ Делид, БНЭУ 1971 онд Улаанбаатарт ЭСЯ-аа нээсэн. Стратегийн түншлэлийн харилцаатай. Энэтхэгийн талаас хамгийн сүүлд буюу 2015 онд Ерөнхий сайд Н.Моди айлчилсан.  Энэтхэгийн үе үеийн удирдагчдаас Ж.Неруг монголчууд хамгийн сайн таньдаг бол үүний халааг Н.Моди залгамжилж байх шиг байна. Ноён Н.Модигийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны олон талт баримт бичигт гарын үсэг зурсан. Үүний дотроос тус улсаас олгох 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хаана ямар төсөлд зарцуулах тухай Засгийн газар гурван жил ярьсны эцэст Дорноговь аймгийн Алтанширээ суманд барих газрын тос боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулахаар болоод байна.

Одоо Энэтхэгийн тухай яриандаа эргэж орьё. Энэтхэг нь 1950 онд анхныхаа Үндсэн хуулийг баталж, энэхүү хуулиараа Бүгд Найрамдах улсаа тунхаглан парламент бүхий улсаа байгуулсан байдаг. Орчин цагт Энэтхэг дэлхийн хамгийн том ардчилсан улс хэмээгддэг. Үүний нэг илрэл бол тус улсын сонгууль юм.  814 сая гаруй энэтхэгчүүд санал өгөх эрхтэйгээс 2014 оны бүх нийтийн сонгуульд 550 гаруй сая иргэн оролцож, сонгуулийн ирц 66.4 хувьтай гарсан. Сонгуулийн Ерөнхий хороо хэрхэн ажилладаг, зохион байгуулалтын ямар арга хэмжээ авдгийг эс өгүүлэн зөвхөн санал өгсөн хүний тоог харахад энэ улсад ямархан хэмжээний сонгууль  болдог нь эрх биш төсөөлөгдөнө байх. Тэрхүү сонгуулийн сурталчилгаанд урьд хожид байгаагүйгээр цахим ертөнцийн дэвшлийг ихээр ашиглаж үүнийхээ үр дүнд олон жил эрх барьсан Конгресс намыг унагаж Энэтхэгийн Ардын намд үнэмлэхүй байдлаар ялалт байгуулан засгийн эрхийг гартаа авсан байдаг.

Сонгуулиас хойшхи үзэгдэл бүр гойд. Засгийн газрын тэргүүн Н.Моди өөрийн багийг шинэчлэн бүрдүүлж тэдэнд сахилга хариуцлагатай ажиллаж, авлига хээл хахууль авсан бол “Сайхан мэдээрэй” хэмээн анхааруулсан гэдэг. Үүнийхээ дараа тэрбээр мөнгөний шинэчлэл хийж, 500 болон 1000 мөнгөн дэвсгэртүүдийг хүчингүй болгосон. Үүнээс улбаатай хот тосгодод мөнгөө солиулах гэсэн уртын урт удаан дугаарлалт үүсч үүнийг нь дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд газар дээрээс нь нөхцөл байдлынх нь талаар мэдээлж байв. Тэрхүү давалгаанд монгол хүн өртөж эмчилгээнд зориулж авсан цүнх рупигээ солиулж чадалгүй хоосон цаас болгож хохирсон гэдэг. Энэхүү шинэчлэлийн цаад бодлого нь авлига, хээл хахууль, далд эдийн засгийг боомилох явдал байсан аж. Учир нь саяхныг хүртэл энэ улс авлигын түвшинээрээ олон улсыг тэргүүлж ирснээс дээрх арга хэмжээг авчээ. Мөнгөний шинэчлэлээс гадна нээлттэй гадаад харилцааг хөгжүүлэх, Энэтхэг боловсролыг брэнд болгох, татварын эрх зүйн орчныг шинэтгэх, үйлдвэржилтийн салбарыг ахьсан түвшинд гаргах, охид эмэгтэйчүүдийн эрхийг хангах, хөдөө тосгодын хөгжүүлэх зэрэг гадагш болон дотогш чиглэсэн Засгийн газрын олон талт бодлого, түүний хэрэгжилтийн үр нөлөөг өнөөдөр ч улстөр, эдийн засгийн шинжээчид үргэлжлүүлэн бичсээр буй.

Энэтхэг улс даяар саяхан улс тунхагласны баяраа тэмдэглэн олон орны удирдагчдыг урьж оролцуулж, сүрт жагсаал зохион байгууллаа. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас Улаанбаатарт ёслолын арга хэмжээ зохион байгуулсан. Энэ үеэр Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу Энэтхэг ирэх 5-10 жилд дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай орон болох зорилт дэвшүүлээд байгаагаа мэдэгдсэн. Энэ улс одоогийн байдлаар дэлхийн долоо дахь том эдийн засаг. Дэлхийн лидер эдийн засагтай орон болохоор Энэтхэг улс маш хурдтайгаар довтолгож яваагийн үр дүнд нь нийгмийн дунд давхарга руу шилжин орж ирэх өрх гэрийн тоо жилээс жилд нэмэгдэж, хэдэн мянгаар биш хэдэн зуун саяар өссөөр байна.  

Түүнчлэн энэ улс хүн амаараа дэлхийд тэргүүлэгч Хятад орныг мөшгөж яваа. Хэрэв бүх ядуусаа тоолвол Хятадаас хэдийнэ давсан гэх таамаг дэвшүүлдэг хүмүүс ч байдаг. Бас ч үгүй ирэх он жилүүдэд урд хөршийг хүн амаараа төдийгүй хөгжлийн хурдаараа гүйцэд түрүүлнэ ч гэдэг. Энэтхэгийн хөгжлийн чимээг бид төдийлөн ойшоохгүй байгаа нь хөрш зэргэлдээ бус, шууд нэвтрэлцэх тал дээр дутуу дулимаг байдагтай холбоотой байж мэдэх юм. Нөгөөтэйгүүр ийн аядуу замналаар хөгжиж байгаагийн нөгөө нэг шалтгаан нь тэдэнд сурталчилгаа хэрэггүйтэй холбоотой байж болох. Учир нь тэд бол ардчилагчид. Тиймээс хэн нэгнийг үзэл сурталаар бөмбөгдөх шаардлагагүй, зөвхөн бодит үр дүн тэдэнд хэрэгтэй учраас тэдний ололт амжилтын талаарх дуулиан шуугианд бид харьцангуй бага өртдөг ч байж мэдэх юм.
Б.Туул


Монгол брэнд