top banner

“Миний эх орон” байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн Дундговь аймагт нээлтээ хийв


2018-02-20 14:27:39
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэрэл зурагчин Х.Сэргэлэнбатын “Миний эх орон” байгалийн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Дундговь аймгийн музейн үзэсгэлэнгийн танхимд боллоо.

Үзэсгэлэнд дэлхий болон Монголын нэн ховордсон зэрлэг ан амьтан, ховор ургамал, байгалийн үзэсгэлэнт газрууд, Монгол орны дөрвөн улирлын өнгө төрхийг илэрхийлсэн 40 гаруй бүтээл тавигджээ. Тус үзэсгэлэнгийн нээлтэд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун,  Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ц.Бумангэрэл, аймгийн музейн захирал М.Бямбажав нарын албаны хүмүүс болон иргэд, хүүхдүүд оролцлоо.


Түүний үзэсгэлэн  21 аймагт гаргах бөгөөд тэрбээр нээлтийн үеэр хэлэхдээ, “Миний эх орон” үзэсгэлэнгээ төрөлх нутаг Дундговь аймгаасаа эхэлж байгаадаа баяртай байна. Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд маань миний 7 жилийн хөдөлмөр зүтгэлийн үр дүн юм. Монгол Улсын Улаан номонд орсон 33 хөхтөн амьтан байдгийн 15 нь энэ үзэсгэлэнд дэлгэгдсэн байгаа. Мөн төрийн тахилгат уулс, Монгол орны үзэсгэлэнт газар, дөрвөн улирлын өнгө төрхийг харуулсан. “Миний эх орон” нь миний 8 дахь бие даасан үзэсгэлэн болж та бүхэндээ хүрч байгаад таатай байна” гэв.


Үзэсгэлэн нийт 14 хоног гарч байгаа ба “Монголын зэрлэг ан амьтдын тусгай байгаль” гэрэл зургийн үзэсгэлэн нь БНСУ-ын Тэжон, Тэгү, Гуанжу, Бусан хотод бүтэн жилийн хугацаанд аялан дэлгэгдэж байгаа билээ.  


Монгол брэнд